Дунзян боомтод Монгол, Хятадын хамтарсан “Тээвэр, ложистикийн төв” байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-10-23 17:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомтын 10 га газарт Монгол, Хятадын хамтарсан “Тээвэр ложистикийн төв” байгуулах төслийн хэлэлцээрт өнөөдөр ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, “Монголын төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, Тяньжин хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ван Вейдун, “Тяньжин порт групп”-ын ТУЗ-ын дарга Жан Руйган нар гарын үсэг зурлаа.

Уг тээвэр, ложистикийн төвийг байгуулах асуудлыг хоёр орны холбогдох албаныхан 2009 оноос хойш судалсан бөгөөд 9 жилийн дараа ийнхүү биелэлээ олж буй юм. Ложистикийн төв байгуулах Монгол, БНХАУ-ын хамтарсан компанийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан байгуулах аж. Мөн 2019 оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, тухайн ондоо багтаан дуусгахаар төлөвлөснийг ЗТХ-ийн сайд Л.Халтар хэллээ.


Chimgee Chimgee-н зураг.

Тэрбээр, “Төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, тухайн улсдаа үйлдвэрлэл, худалдаа явуулах томоохон боломж нээгдэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Тээвэр ложистикийн төв” байгуулах 10 га газар өмнө нь далай байсан. Үүнийг хуурай газар болгоход зарцуулсан хөрөнгө, төсөл хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулснаас хойшхи 50 жилийн газрын түрээсийн төлбөр зэргийг 48 сая ам.долларт оруулж тооцсон байгаа. Энэхүү хөрөнгийг БНХАУ-ын дэмжлэгтэйгээр босгохоор яриа, хэлэлцээ хийж байна” хэмээв.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ