Сонгууль зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг ирэх оны төсөвт тусгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-23 16:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан  14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд эдийн засгийн үр ашигтай байдлыг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй байгалийн баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлж, бизнесийн орчинг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэв. Бодлогын эдгээр арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлага 11. 5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцжээ. 

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд, мөн Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.

Танилцуулгатай холбогдуулан О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Сангийн сайд, ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн алдагдал, ТУЗ-ийн томилгоо, засаглалыг нь сайжруулахтай холбоотой О.Содбилэг гишүүний асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хариулт өгсөн юм. Төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн багцын талаар Д.Эрдэнэбат гишүүн тодруулж, Сангийн сайдаас хариулт авав. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй, 6 удаагийн сонгуульд хэрэглэсэн 3000 орчим зөөврийн компьютерийг акталж, төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид олон төрлийн мэдээ мэдээллийг нэгтгэх үүрэг хүлээж буй багийн Засаг дарга нарт шилжүүлсэн асуудлыг тодруулсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахад зайлшгүй шаардлагатай дээрх тооны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зардлыг 2019 оны төсвийн төсөлд тусгахтай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Холбоотой мэдээ