Эцэг эх, багш нар "Үндэсний холбоо" байгуулснаа зарлав

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-10-23 16:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зорилтот аймаг сумдад боловсролыг илүү чанартай хүргэхэд хувь нэмэр оруулах, сурагчдын суралцах орчин нөхцөлд эцэг, эхийн оролцоог сайжруулах зорилготой “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд Глоб Интернэшнл ТББ, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний зөвлөл хамтран зорилтот 8 аймгийн 28 сумын 31 сургуульд эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулан ажиллажээ. Тэгвэл өнөөдөр уг холбооны үйл ажиллагааг өргөжүүлэн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбоог байгуулах анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.

Тус холбоо нь орон нутгийн удирдлага, сургуулийн захирал, багш нартай үр дүнтэй холбоо харилцаа тогтоож хамтран ажилладаг сайн дурын гишүүнчлэлтэй байгууллага байх бөгөөд сурагчдад тулгамдаж буй асуудлаар эцэг эх  багш нарын зүгээс саналаа нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргэх юм.

“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Эцэг, эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцуулж идэвхжүүлэхэд бидний гол зорилго чиглэж байна. Хэрвээ би сургуулийн үйл ажиллагаа болон багшийг шүүмжилвэл миний хүүхдийн эрх зөрчигдөх магадлалтай гэсэн айдсаас болж  эцэг эхчүүд төдийлөн санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй. Харин нэгдсэн холбоо байгуулснаар  асуудлыг хамтдаа судалж баримт нотолгоонд суурилснаар хүүхдийг  хамгаалах боломж бүрдэнэ. Хүүхдүүдэд чанартай сайн боловсрол олгоход ганц багш биш эцэг, эх сургуулийн удирдлагуудын оролцоо чухал гэдгийг холбооны үйл ажиллагаанаас харагдаж байна. Эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцасны чанар, сурах бичгийн агуулга, халаалт, аюулгүй орчин  зэрэг асуудлыг чөлөөтэй тавьж шийдүүлдэг боллоо.  Тус холбоог өргөжүүлэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шийдвэрийг анхдугаар чуулганаар гаргалаа” хэмээв.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ