Оюутолгойн далд уурхайтай танилцсан нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-10-23 14:45:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл Өмнийн цэнхэр говьд  дөрөө мулталж  Монголын хамгийн том бүтээн байгуулалт Оюутолгойн уурхай, уурхай даган хөгжиж буй Ханбогд сумын хөгжил, бүтээн байгуулалттай 10 дугаар сарын 12-15-нд танилцав.

Аяллыг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага Германы “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн /ЭТИС/, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр зохион байгуулсан.

Төслийг санаачилагч “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Монголиан майнинг журнал"-ийн сэтгүүлчдийн санаачилгаар байгуулагдсан ашгийн бус, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 2015-2018 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байжээ.

Гүний уурхайтай танилцах хүсэл сэтгүүлч бүрт байсан ч  компани   арав гаруйхан нэвтрэх квот өгсөн тул бид сугалаа сугалж  “ёндоогоо” үзэв.

  

АЛХАМ ТУТАМД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА


Гүнд нэвтрэхээс өмнө  аюулгүй ажиллагааны зааварчилгаа сонсож онцгой байдлын үед амь хамгаалах баг, малгай, малгайн гэрэл, зориулалтын хамгаалах нүдний шил, цацруулагчтай өмд, бээлий, зориулалтын ажлын гутал, комбинзон гээд шаардлагатай хувцас өмсөж, багаж хэрэгслийг биедээ авах үүрэгтэй талаар компанийн ажилтны зааварчилгаа сонссон.

Уурхайн  гүнд нэвтэрч буй хүн бүр хоёр ширхэг пайзыг биздээ авч явах бөгөөд нэгийг гүнд орохын өмнө нөгөөхийг гүнд нэвтэрсний дараа хананд буй ажилчдын пайзны дэргэд өлгөж буцахдаа заавал авч гардаг. Хэрэв пайзаа мартсан тохиолдолд гүнд эн нэгэн үлдсэн байна гэж үзээд тэсэлгээ явуулах боломжгүй гэж үздэг аж.

Тухайн хүн пайзаа өөрөө очиж авах ёстой гээд энд алхам тутам хариуцлага анхаарал болгоомж шаардана. Биднийг уурхайн босоо амны төлөвлөлтийн инженер Д.Даваадаш, далд уурхайн инженер Б.Баатарсүх нар газарчилж явлаа.


CAGE БУЮУ ЦАХИЛГААН ЛИФТ УУРХАЙН ГҮН РҮҮ  НЭВТРЭХ ЧУХАЛ ТӨХӨӨРӨМЖ


Хөтөч инженерүүдийн хэлснээр “Босоо ам нэг”-ээр бид сage буюу цахилгаан лифтэд уурхайчидтай хамт сууж доош уруудлаа.Нэгэндээ  30 хүн багтаадаг  хоёр ийм төхөөрөмж зэрэг ажиллаж хормын төдий л бид 1300 метрийн гүнд ирлээ. Ийм төхөөрөмж тус уурхайд наймаас есөн ширхэг байнга ажилладаг бөгөөд  төхөөрөмжийг дохиочин гэх тусгай үүрэг хүлээсэн ажилтан ажиллуулна.

Цахилгаан тасарсан тохиолдолд  кейж нөөц генератороор ажиллаж хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна бусад материал тоног төхөөрөмжийг ч үргэлжлүүлэн зөөвөрлөнө.

Ажилтнуудыг доош буулгасан  кейж  ээлжийн ажлаа дууссан ажилтнуудыг мөн л дээш аваачдаг.Лифтийг гүний аль түвшинд зогсоохыг  дохиочин төв оператортойгоо дохиогоор харилцаж зохицуулдаг байна.


ДАЛД  УУРХАЙ ГЭХ ШИНЭ ЕРТӨНЦ


Гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед газрын гүн рүү 1300 метр доошилж тэнд хүн хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж буйг сонирхов.

Харанхуй гэмээр орчин, тоос шороотой нөхцөл байдал, хөндийлж ухсан олон салаа тунелууд, цахилгааны түмэн янзын утаснууд хийгээд эргэн тойрны төмөр бэхэлгээ, төрөл бүрийн авто механизмууд гээд “Шинэ ертөнц” биднийг угтлаа. Дуу чимээ ихтэй, хөдөлгөөн ихтэй үед уурхайчид зайнаас малгайн гэрлийн дохиогоор хоорондоо харилцдаг аж.

Далд уурхайд ямар нэгэн нэвтрэлт хийхэд дэд бүтэцээ урьдчилан заавал байгуулах шаардлагатай талаар инженер Б.Баатарсүх хэлсэн.

Дэд бүтцийг шийдээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй гэх. Энд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.

Хамгийн том нь нэвтрэлтийн хэсэг буюу ордыг тэслэж, хөндийлж ухах бөгөөд үүнтэй зэрэгцэн  бэхэлгээ хийх  томоохон баг  ажилладаг. Өдөрт гуч гаруй метрт нэвтрэлт хийдэг бөгөөд сард нэг км орчим  газрыг хөндийлөн ухаж хүдэр олборлох нөхцлийг бүрдүүлдэг байна.

Дараагийнх нь бүтээн байгуулалтын хэсэг буюу барилгын,  тоног төхөөрөмжийн агуулах, засварын хэсэг гээд үргэлжилнэ.


УУРХАЙН ГҮНД АВАРГА ТОМ МЕХАНИЗМУУД ШИЛЭЭ ДАРАН БАЙРЛАЖЭЭ 


Засварын цехэд задлаад угсрахад бэлэн бас угсарчихсан машин техникүүд шилээ даран байрлажээ. Албаныхны хэлж буйгаар уурхайн гүнд 200 гаруй  тоног төхөөрөмж буй аж.

Үүнийг монгол инженерүүд угсарч монгол жолоож нар жолооддог.Далд уурхайд одоогоор арваад эмэгтэй ажилладаг бөгөөд  тэдэнд зориулсан “WMRM гэх бичигтэй  уул уурхайд ажилладаг эмэгтэйчүүдийг дэмжих холбооны шугамаар эмэгтэй уурхайчдад зориулсан ягаан өнгийн аварга том механизм хүртэл бий.

Энэ нь өрмийн машин аж.Тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь  Швед, Финланд зэрэг  улсад үйлдвэрлэсэн уул уурхайн тоног төхөөрөмж байна.


ЭРСДЭЛ ТОХИОЛДВОЛ ХОРГОДОХ БАЙРТ ЦУГЛАРНА


Бид гүний уурхайн оффиссын хэсэг,  ажилчдын цайны өрөө, хоргодох байр гээд хэд хэдэн обьектыг үзэв.

Уурхайд өдөртөө 600 гаруй ажилтан ажилладаг. Аюулгүй ажиллагааны зааврын дагуу аюулын дохио буюу содон үнэр үнэртсэн тохиолдолд  уурхайд осол  аюул гарчээ гэж ойлгоод ажилтнууд  хорогдох байр руу явах ёстой.

Хорогдох байр гэхэд гурав хоногийн цэвэр агаар, ус гээд шаардлагатай зүйлсийг нөөцөлсөн. Уурхайн  гүнд ажилчдын автобус жолооддог Б.Түвшинжаргал гэх жолоочтой таарлаа.

Талдаа дунджаар 1.5 км явж ажилчдыг тухайн ажлын байр дээр нь хүргэх бөгөөд ажил дууссаны дараа мөн л буцааж тээвэрлэдэг гэх.

Хүн ажиллаж амьдарч байгаа учир энд шаардлагатай иж бүрэн дэд бүтцийг байгуулж  нэгдсэн удирдлагаар хангах учиртай гэж далд уурхайн инженер Б.Баатарсүх хэлнэ лээ.  Тэр бүү хэл энд удахгүй замын хөдөлгөөний дүрэм нэвтрэх аж.


ДАЛД УУРХАЙТАЙ ХОЛБОГДОХ ГАРЦ БУЮУ БОСОО АМУУД


Уурхайн босоо амны төлөвлөлтийн инженер Д.Даваадашийн хэлснээр  далд уурхайд уурхайчид нэвтрэх, олборлосон хүдрээ зөөвөрлөх, бусад шаардлагатөй  хэд хэдэн босоо ам буй.

Босоо ам гэдэг нь дээрээс доош өрөмдөж ухсан, цахилгаан шаттай маш бат бөх бэхэлгээ бүхий инженерийн томоохон байгууламж аж. Энд cage буюу цахилгаан шат дээш доош тасралтгүй ажиллана.

Нэгдүгээр босоо ам одоо ажиллаж буй бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүн  болон материал, тоног төхөөрөмжийг тээвэрлэж буй хамгийн чухал гарц.Үүгээр барилга байгууламжийн төмөр хийц, тоног төхөөрөмж, засварын сэлбэг хэрэгсэл гээд шаардлагатай бүх материалыг зөөдөг гэв.

Хоёрдугаар босоо ам ашиглалтад хараахан хүлээж аваагүй байгаа гэнэ. Энэ ам 2019 онд ашиглалтад орох бөгөөд олборлосон хүдрээ дээш зөөвөрлөхөд зориулсан чухал ам болох төдийгүй  налуу хэлбэрээр тусгай конвейр байрлуулж хүдэр зөөвөрлөх аж.

Гуравдугаар босоо амын нэвтэрлийн ажил эхэлсэн бол дөрөвдүгээр амын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй гэв. Харин тавдугаар босоо ам агаарын солилцоог явуулах, бохир агаарыг буцааж гаргах чухал ам гэсэн.


АГУУЛГА САЙТАЙ ХҮДЭР ГАЗРЫН ГҮНД БИЙ


Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил баригджээ. Цаашдаа 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх гэнэ.

Учир нь  Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршиж буй  бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог аж.

Ил, далд уурхайн ашигтай ажиллагааны тухай сонирхолтой тоо баримт  сөхье.  Ил уурхайгаас 17 тонн чулуулаг олборлоход 12 тонн хаягдал гарна. Мөн таван тонн хүдэр баяжуулж 122 кг зэсийн баяжмал гарган авдаг бол далд уурхайгаас 1.7 тонн чулуулаг олборлож, хаягдал гарахгүйгээр баяжуулах үйлдвэрт  хүргэж 92 кг зэсийн баяжмал гарган авах боломжтой гэсэн.

Өөрөөр хэлбэл ил уурхайгаас17 тонн чулуулаг олборлож 29 кг зэс гарган авах боломжтой бол далд уурхайгаас 1.7 тонн чулуулаг олборлож  мөн л 29 кг зэс  гарган авах боломжтой гэнэ.Ашигтай ажиллагаа үүнд байгаа талаар инженерүүд дурдана лээ.

Тиймээс гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж буй. Энэ арга нь  хүдрийн биетийн доогуур нэвтэрч доороос тэсэлж биетийг доош нь суллаад доор нь дээшээ харсан сав хэлбэртэй тунел бэлдэж суларсан хүдрийг олборлох  арга гэх.

Тэсэлгээгээр бутарсан хүдрийг буулгуураар дамжуулан хүдэр буулгах цэгт хүргэж, тэндээс бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөх  аж. Гүний уурхай 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллах бөгөөд бүтээн байгуулалтын оргил үед гүний уурхайн ажилчдын тоо 3000 гаруй болох тооцоо хийжээ.

Мөн туузан дамжуулагчийн нийт урт нь 10 км буюу Чингисийн талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэх гэнэ Үйл ажиллагааныхаа оргил үедээ 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 ачааны машин, бусад төрлийн 290 тоног төхөөрөмж ажиллах аж. 

Ийнхүү 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт Оюутолгойн гүний уурхайн бэлтгэл ажлыг сурвалжилсаны дараа зэргэлдээх Ханбогд сумын бүтээн байгуулалт хөгжил дэвшлийг тольдсон.

Энд Оюутолгой компанийн санхүүжилтээр  цэвэр усан хангамжийн цогцолбор, “Малын эрүүл мэндийн төв”, “Мод үржүүлгийн төв”, “Мэргэжил сургалтын төв”, “Үлэмжийн чанар” соёлын төв, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор гээд хүний эрэлт хэрэгцээг хангасан томоохон бүтээн байгуулалт буй болжээ

Холбоотой мэдээ