“Лотте” корпораци 70 мянган ажлын байр шинээр бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-23 11:46:10

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Лотте” корпораци ирэх таван жилийн хугацаанд 50 их наяд вон буюу 44 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.


“Лотте” корпорацийн захирал Шин Дун Бин шоронгоос суллагдсанаас хойш нэг сар ч өнгөрөөгүй байхад түүний компани энэхүү мэдэгдлийг хийсэн байна.


Тэрбээр өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Кын Хэтэй холбоотой авлигын хэрэгт оролцсон хэргээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоригдож байсан юм.


Энэ сарын эхээр Сөүлийн Дээд шүүхээс Ерөнхийлөгч асны найзын хяналтад байдаг ашгийн бус санд 7 тэрбум вонын хахууль өгсөн хэргээр Шин Дун Бинд хоёр жил хагас шоронд хорих ял ногдуулсан бөгөөд түүний ялыг дөрвөн жилийн хугацаагаар түр хойшлуулсан ажээ. 

Холбоотой мэдээ