Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар хөв цөөрөм байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-23 10:54:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар энэ жил дөрвөн хөв цөөрөм байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Хөв цөөрөм байгуулах нь бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Тус аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Могод суманд малын ундны усгүй болох аюул нүүрлээд буй бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд бэлчээрийн усалгаа хийх, ширгэж байгаа нуурыг нөхөн сэргээх, байгалийн усыг хуримтлуулах  хөв цөөрөм байгуулах боломжтой гэж албаныхан үзжээ.

Тус аймагт “Вэлмот”, “Аригшан” ХХК байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 274,7 сая төгрөгийн хөрөнгөөр хөв цөөрөм байгуулах гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр хөв цөөрмийг Дашинчилэн сумын Цагаан үзүүр, Рашаант сумын Өлзийтийн ар, Сайхан сумын Жаргалант, Могод сумын Нарангийн булаг зэрэг газарт байгуулж буй.


М.Батжаргал

Холбоотой мэдээ