Залуу аавууд анх удаа чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-23 11:01:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Аавууд бидний бахархал” сэдэвт  уулзалтыг Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас санаачлан анх удаа зохион байгууллаа.

Эмэгтэйчүүд, ээжүүдийн талаар олон төрлийн ажил арга хэмжээг нийгэмд зохион байгуулдаг ч  амьдралын ноён нурууг үүрч, өрх гэрээ толгойлон авч явдаг аавуудын талаар  зохион байгуулдаг арга хэмжээ тун цөөн гэж албаныхан ярилаа.

Тиймээс хүүхдийн хамгаалал, төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцгийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлан хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт ач холбогдолтой аж.

Арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгодоос 25-35 насны 50 залуу аав оролцжээ.

Сэлэнгэ аймгийн тухайд жендерийн тэгш эрхийг хангаж, хүйсийн тэгш байдлыг нийгэмд зөв төлөвшүүлэхийн тулд аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа. Тиймээс энэхүү хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд ажил болгож, цаасан дээр бус амьдралд хэвшүүлэх үүднээс энэхүү уулзалт арга хэмжээг анхлан зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон аавууд бүтэн өдрийн турш хүүхдийн хүмүүжил, төлөвшилд аавуудын оролцоо хэрхэн, ямар чиг хандлагатай байдаг талаар тодорхой мэдлэг хуримтлуулж авсан аж.

Сэлэнгэ аймгийн хүн амд эрчүүдийн эзлэх хувь 55.1 хувь байдаг. Тэдний 67.2 хувь нь 14-65 насны, 1.5 хувь нь өрх толгойлон амьдардаг байна.   

  Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ