Аянд идэвхтэй оролцохыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-23 16:24:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор сумын багийн дарга нартай уулзаж “Хонгорчууд халдварт өвчний эсрэг хамтдаа” аянд багийн иргэдээ идэвхтэй хамруулах үүрэг чиглэл өгөв.

Уулзалтад Баянхонгор сумын удирдлага, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга нар оролцож аяны хүрээнд зохион байгуулах ажил арга хэмжээ, үзлэг оношлогоог хийхдээ хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал солилцож, халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын тухайд танилцууллаа.

Багийн дарга нарын хувьд багийн иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг учир үзлэг шинжилгээнд бүх нийтийг хамруулахад өөрсдөө биечлэн хяналт тавьж, хүн бүрийг хамруулах ёстой гэж байна. Тиймээс Засаг дарга холбогдох байгууллагуудтай нягт хамтарч ажиллах ёстойг  талаар үүрэг  чиглэл өгөв.

Иргэдэд үйлчлэхдээ ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс ямар нэгэн шаардлага тавихгүй хүлээж авах бөгөөд эрүүл мэндийн даатгал төлсөн эсхээс үл хамааран үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийх аж. Аян багцын шинжилгээ, бэлгийн замын халдвар гэсэн хоёр үндсэн хэсгээр явагдаж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх нийтийн үзлэг шинжилгээ үргэлжлэн томоохон зах худалдааны төв, багийн төвүүд дээр өрнөх бөгөөд 12 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ