Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-22 16:26:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Онги-Таац сав газрын захиргаа, Уянга сумын ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг Уянга суманд ажиллаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шалгалаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны тавдугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын дагуу "АУМ", "Өгөөмөр-Өргөө", "Баярсгоулд", "Буд-Ундрам" компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт, ус ашиглалт, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн хариуцлагын гэрээний биелэлтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөв.

Ажлын хэсгээс "Өгөөмөр-Өргөө", "Буд-Ундрам" ХХК-ийн үйл ажиллагааг “хангалттай” хэмээн дүгнэж, харин "АУМ", "Баярсгоулд" ХХК-д хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна.

Энэ жил "АУМ" ХХК нь 122.7 га талбайд овоолго дүүргэлт хийн тэгшилж, техникийн нөхөн сэргээлт хийсэн бол "Баярсгоулд" ХХК-иас 3,7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстойгоос одоогоор гурван га талбайд хийжээ.

"Өгөөмөр-Өргөө"  ХХК-иас техникийн нөхөн сэргээлтийг 1.5 га, билогийн нөхөн сэргээлтийн 15 га талбайд хийж гүйцэтгэсэн аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ