Б.Лхагва: Цахим худалдаа, сүлжээний бизнест тавих төрийн хяналтыг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-22 14:24:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хийх бодлогын арга хэмжээний талаар яамд болон бусад холбогдох албаныхантай зөвлөлдөх зорилгоор өнөөдөр ШӨХТГ-аас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ШӨХТГ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 600 гаруй төлөөлөгч оролцож буй юм. ШӨХТГ үүсэн байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмжүүдийг гаргаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах, гаргасан зөрчлийг арилгуулахаас эхлээд олон ажлыг амжилттай зохион байгуулж ирснийг Шадар сайд Ө.Энхтүвшин зөвлөгөөний эхэнд онцлов.


Baramsai Chadraabal-н зураг.

Тэрбээр, “Хувийн хэвшлийн байгууллагууд “Хэрэглэгч хаан” гэсэн уриатай ажилладаг. Гэхдээ “Хэрэглэгч хаан” бус хугацаа хэтэрсэн болон хуурамч бүтээгдэхүүн, хэмжээндээ хүрдэггүй орон сууц, хууль бус үйлчилгээний хохирогч болж байна. Тиймээс хоосон урианаас илүү бодит ажил руу шилжих цаг болсон. Гэхдээ хэрэглэгчийн эрхийг хамгаалахад зөвхөн ШӨХТГ хангалттай ажиллаж чадахгүй. Тиймээс МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байна. Ингэхдээ хэрэглэгчид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрахад тулгамдаж буй асуудлуудыг нэн тэргүүнд тодорхойлох хэрэгтэй юм. Төрийн байгууллагууд иргэдтэй тулж ажиллан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр хэрэглэгчдийг жинхэн ёсоор нь Хаанд өргөмжлөх боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Шадар сайд болон ХЗДХ-ийн сайд дэмжжээ. Тиймээс хуулийн төсөлд яамдын саналыг тусгаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг хуулийн төсөлд цахим худалдаа, сүлжээний бизнест тавих төрийн хяналтыг сайжруулах зэрэг заалтыг шинээр тусгасан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва дурьдлаа.

Baramsai Chadraabal-н зураг.

Тэрбээр, “ШӨХТГ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ ажлын үр дүн төдийлөн хангалтгүй байгаа нь бидэнд хуулиар олгосон эрх байдаггүйтэй холбоотой юм. Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд шатахууны үнэ болон бусад асуудалд ШӨХТГ оролцох заалт байдаггүй. Манай газраас шатахууны үнийн асуудлаар 11 аж ахуйн нэгжид торгууль тавьсан ч ердөө 50 хувь нь торгуулиа төлснөөс үүнийг харж болно. Хамгийн сүүлд л гэхэд “Сод Монгол” компанид шатахууны үнэтэй холбоотой асуудлаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч тус компани торгууль төлөхөөс татгалзаж, шүүхэд хандаад байна. Хэрэв Засгийн газраас шатахууны үнэд хяналт тавих эрхийг бидэнд өгвөл бид эрх, үүргээ хангалттай хэрэгжүүлж чадна” гэлээ.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах II хөтөлбөр”-ийн хэрэгжилт 60 хувтай байгаа аж. Үүнээс ШӨХТГ-т шинжилгээний лаборатори байгуулах зорилт нь хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн огт хэрэгжиж чадахгүй байгааг ШӨХТГ-ын удирдлагууд дурьдаж байлаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, бараа, ажил үйлчилгээг баталгаатай, чанартай бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгахад өөрийн гэсэн лабораторитой байх нь туйлын чухал юм. Гэвч улсын төсвөөс лаборатори байгуулахад хөрөнгө гаргах боломжгүй гэсэн хариуг холбогдох албанаас ШӨХТГ-т ирүүлжээ. Тиймээс тус газар амтран ажилладаг олон улсын байгууллагуудаас хөрөнгийн эх үүсвэр босгохоор ажиллаж байгаа аж.

ШӨХТГ нь 2016 онд Хэрэглэгчийн мэдээллийн төвийг байгуулжээ. Энэ төвд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 3600 гаруй мэдээлэл, өргөдөл, гомдол ирсэн байна. Үүний дийлэнхийг хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлт эзэлсэн бол үлдсэн хэсэг нь СӨХ, барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, шатахуунтай холбоотой өргөдөл, гомдол байжээ. Мөн тус байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд, “ХААН” банк, “Сакура Аливмакс”, “ЭмСиЭс Кокакола” зэрэг 32 аж ахуйн нэгжид 1.8 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн 120 иргэний 140.3 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулжээ.

Зөвлөгөөн маргааш буюу энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ