Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй заалт шинээр оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-22 14:42:53


  Увс /МОНЦАМЭ/. Ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн заалт шинээр орсон тухай аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгаас мэдээлэв. Тухайлбал, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэгт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглох, 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхгүй байх, дадлага туршлагагүй жолооч хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа ард "Шинэ жолооч" гэсэн таних тэмдэг тавих хэрэгтэй аж.

Тэрчлэн, мотоцикл болон  чиргүүлтэй автомашинаар суурин газрын гадна цагт 60 км-ээс илүү хурдтай явахыг хориглох, хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярихыг хориглох, харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асаж байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх, зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай аж.

Мөн жолооч тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Үүнээс гадна хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглох юм байна.  

“Замын хөдөлгөөний дүрэм нь зам тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр 23 бүлэг 165 зүйл заалт, гурван хавсралттай байсан.

Тэгвэл 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэчилсэн найруулгаар долоон бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болгон нэмэгдүүлсэн. Энэхүү  замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг иргэд эртнээс судалж дагаж мөрдөх шаардлагатай” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч Б.Мөнхбат хэллээ. 

                                                                                                                                     Б.Батхүү

Холбоотой мэдээ