Путины мэдэгдэлтэй танилцахыг Горбачев Трампт уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-22 12:08:40
МОСКВА. /Вести/. Ойрын болон дунд тусгалын пуужингийн тоог хорогдуулах тухай гэрээнээс гарах шийдвэр гаргаснаараа АНУ-ын эрх баригчид цөмийн зэвсгээс ангижрах бодлогыг эсрэг тийш эргүүлэх хүсэлтэй байгаагаа харуулж байна гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачев үзэж байна. Түүний үзэж байгаагаар, Америкийн удирдагч Дональд Трампын ийм шийдвэр нь ЗХУ болон АНУ-ын өмнөх удирдагчдын цөмийн зэвсгээс ангижрах асуудалд гаргасан бүхий л хүчин чармайлтыг “үгүй хийнэ”.

“Цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар байгуулсан хуучин гэрээнүүдийг ямар ч тохиолдолд цуцалж болохгүй” гэдэгт Горбачев итгэлтэй байна. Тэрбээр мэдэгдэхдээ, “ийм гэрээнүүдээс татгалзах нь маш том алдаа юм” гэжээ.

Өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээнүүдийг хэвээр үлдээх ёстой. Учир нь тэдгээрт хяналт тогтоосон байдаг гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “Ийм гэрээнүүдийг эрхэмлэн хамгаалах хэрэгтэй” гэж Горбачев үзэж байгаа аж. Тэрбээр “цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг биелүүлэхгүй байх эрмэлзлэл” гэдэг нэртэй “өвчнөөсөө салахыг” Америкийн эрх баригчдад уриалсан байна.

Горбачев мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Сочи хотод хийсэн мэдэгдэлтэй танилцахыг Америкийн улстөрчдөд зөвлөжээ. Өмнө нь байгуулсан гэрээ хэлцлүүдэд хүлээсэн үүргээ биелүүлэхийг Оросын удирдагч уриалсан гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Оросын Ерөнхийлөгч маш сургамжтай үг хэлсэн” гэж Горбачев цохон хэлжээ.

Ойрын болон дунд тусгалын пуужингийн тоог хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахаар төлөвлөж байгаа тухай Дональд Трамп бямба гарагт мэдэгдсэн билээ. Уг гэрээнд ЗХУ болон АНУ 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарын үсэг зурсан бөгөөд 1988 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

АНУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргасанд харамсч буйгаа Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. Уг гэрээ нь 30 жилийн турш Европын аюулгүй байдлын бүтцийн тулгуур багана болсоор ирсэн бөгөөд АНУ Европыг хүнд хэцүү асуудалд оруулж байна гэж тэрбээр үзэж байна.
Холбоотой мэдээ