Өмнөд Суданы дүрвэгчдэд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-22 11:01:14

ХАРТУМ/Xinhua/. Өнгөрсөн ням гарагт Бүгд Найрамдах Судан Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид Суданы Цагаан Нил муж дахь өмнөд суданы дүрвэгчдэд туслах нийгэмлэгүүдэд 21 сая ам.долларын тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Суданы дүрвэгчдийн комиссоос мэдээлэв.


Тус комиссын мэдээлэлд тэмдэглэснээр, уг хэлэлцээр нь гурван үе шатнаас бүрдэх бөгөөд ням гарагт талууд 2.2 сая ам.долларын үнэ бүхий трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон ус шахуурга зэрэг машин, тоног төхөөрөмжүүдийг нийгэмлэгүүдэд олгохоор тохиролцсон аж.


“Энэхүү төслийн хамгийн гол үе шат нь хөдөө аж ахуйн салбарыг дахин сэргээж, ард иргэдийг тоног төхөөрөмжөөр хангах юм” гэж Суданы дүрвэгчдийн комиссар Хамад Аль-Жизоули мэдэгдсэн байна.


Суданы хилийн орчмын Цагаан Нил мужид өмнөд суданы 150 мянга гаруй дүрвэгч амьдардаг бол 80 мянга гаруй нь хотуудын эргэн тойрон дахь мужуудад амьдардаг гэж тэрбээр нэмж хэлжээ.


НҮБ-ын сүүлийн үеийн тайланд мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын 15-ны байдлаар Судан дахь Өмнөд Суданы дүрвэгчдийн тоо 760 гаруй мянгад хүрсэн ажээ.


Өмнөд Суданд 2013 оны 12 дугаар сараас дэгдэж эхэлсэн иргэний дайны улмаас тус улсын олон мянган иргэн эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн билээ. Тэд эдүгээ Судан зэрэг Өмнөд Судантай хил залгаа улсуудад амьдарч байгаа юм. 

Холбоотой мэдээ