Эмнэлгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-22 13:57:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан ажлын дагуу Нэгдсэн эмнэлэг болон өрх сумдын Эрүүл мэндийн төвийн чанар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нэр төрлийг олшруулах зорилгоор зарим эмнэлэг, эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж олголоо. Үүнд орон нутгийн төсвийн  173,7 сая төгрөгийн хөрөнгөөр  12 нэр төрлийн 30 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.

Тус төхөөрөмжүүдийг сонгохдоо 0-1 насны нярайн эндэгдлийн судалгааны дүнд үндэслэн сонгожээ.  Өөрөөр хэлбэл нярайн эндэгдлийн тоог бууруулахад эдгээр тоног төхөөрөмж нь нэн тэрүүнд шаардлагатай гэж үзсэн байна.

Нярайн шарлалт тодорхойлох аппарат, шарлалт эмчлэгч, хиймэл амьсгалын аппарат, уушги тэлэгч, хүчил төрөгч өтгөрүүлэгч болон бусад багаж төхөөрөмжийг аймгийн удирдлагууд ЭМГ-ын хамт олонд гардуулсан бөгөөд ЭМГ нь өрх сумдын эмнэлгүүдэд хуваарилах аж.


Тоног төхөөрөмжийн ихэнх нь аймаг болон хөдөө сумдад анх удаа олгож байгаа бөгөөд зөөж тээвэрлэн хаана ч явуулын хэлбэрээр ашиглах боломжтойг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар онцолж эмч мэргэжилтнүүдийг тоног төхөөрөмжөө  бүрэн гүйцэт ашиглахыг захьсан юм.

Харин аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, "Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гуравдугаар шатлалын эмнэлэгт хийлгэдэг зарим эмчилгээ оношилгоог орон нутагтаа хийх боломж бүрдлээ.Мөн өрх болон сумдын эрүүл мэндийн төвүүд шаардлагатай оношилгоог өөрийн ороннутагтаа үзүүлэх боломжтой болсноор эрүүл мэндийн чанар үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү ойр хүртээмжтэй болгоход ач холбогдолтой" гэлээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ