Боловсрол хөгжил төсөлтэй хамтран хүүхдүүдэд англи хэл, хөгжмийн хичээлийг заажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-22 12:33:36

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Баянхайрхан сумын сургуульд “Боловсрол хөгжил” төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Канад болон Америкийн хөрөнгө оруулалттай “Боловсрол хөгжил” төсөл нь 2015 оноос тус сургуульд хэрэгжиж байгаа бөгөөд давхардсан тоогоор 164 хүүхдэд англи хэл, хөгжмийн чиглэлийн зуны сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад хамрагдсан хүүхдүүд гурван жил дараалан англи хэл болон хөгжмийн хичээлийг гурван шатлалаар амжилттай сурсан байна. Төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн хүүхдүүд англи хэлний аймгийн болон, бүсийн олимпиадад амжилт үзүүлсэн төдийгүй хөгжмийн хамтлагтай болжээ. Сургалтад хамрагдсан хүүхдүүд монгол үндэсний болон, гитар, төгөлдөр хуур хөгжмийн мэдлэгтэй болсон төдийгүй цаашид өөрсдийн авьяас, сонирхолд тулгуурлан илүү гүнзгийрүүлэн судлах, хөгжмийн болон, англи хэлээр дагнан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх боломж бүрдсэн тухай Баянхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулиас мэдээллээ.

Дашрамд энэ онд тус сургуульд Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийн хүрээнд хувилбарт сургалтад зориулж хоёр сая төгрөгийн иж бүрэн тавилга, сургалтын хэрэглэгдэхүүний хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, тавилга эд хөрөнгийг шинэчлэх зорилгоор 7.7 сая төгрөг зарцуулжээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ