Төрийн цогц үйлчилгээг 8000 гаруй иргэнд үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-22 11:56:49

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт наймдугаар сараас эхэлсэн “Ард иргэдээ сонсох” аян, төрийн цогц үйлчилгээг багт хөтөлбөр 10 дугаар сарын 20-нд дуусч  хөдөөгийн 86 багийн 8000 гаруй иргэнд төрийн цогц үйлчилгээг хүргэжээ.

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, тэдний саналыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албаны ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжсэн юм. Анх 2016 оны есдүгээр сараас хойш “Ард иргэдээ сонсох аян”-ыг нийт дөрвөн удаа зохион байгуулж, тус аяны хүрээнд энэ жилээс “Төрийн цогц үйлчилгээг багт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Төрийн цогц үйлчилгээг багт хүргэхээр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа нараар ахлуулсан ажлын хэсэг, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөдөөгийн багт ажиллажээ. Энэ үеэр хөдөөгийн 86 багийн 8000 гаруй иргэний санал хүсэлтийг сонссоноос гадна аймгийн Засаг дарга болон, аймгийн ЗДТГ-аас 2018 оны ажлын тайлангаа тавьж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авчээ.

Мөн сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулж дүгнэв. Хөдөөгийн багийн 8000 гаруй малчин, иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэг оношилгоонд хамрагдаж шаардлагатай тохиолдолд эмчилгээ үйлчилгээг газар дээр нь хүлээн авсан байна. Түүнчлэн үсчиний үйлчилгээг 6570 иргэн авчээ.

Энэ үеэр 86 багийн Засаг даргад мотоцикль, багийн ИНХ-ын даргад зөөврийн компьютер олгосон бол багийн эмчийн эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлээд байна. Нэмж дуулгахад сумын төвийн багуудад аймгийн Засаг дарга тайлангаа тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар хойд болон говийн бүсийн 14 суманд тайлангаа тавиад байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ