Сумандаа үйлдвэрлэл явуулж ажилгүй залуучуудыг ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-22 17:00:55

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих" зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Завханы сумд өөрсдийн санаачилгаар нэгдэж жижиг үйлдвэрлэл явуулж ажилгүй залуучуудыг байнгын ажлын байраар хангаж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болжээ.

Үүнээс заримыг сурвалжлан хүргэж байна. Тухайлбал Завханы Отгон суманд модон бүтээгдэхүүн, Шилүүстэй суманд өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтанг үйлдвэрлэж буй. Харин Дөрвөлжин суманд оёдлын цех амжилттай ажиллаж байна. 

Отгон сумын Хужирт багийн иргэн Б.ЛхагвасүрэнЭнэ жил бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмсэн  


- Өнгөрсөн жилээс таны бизнес хэр өргөжив? Нэмж хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Би 2013 оноос тасралтгүй зургаа дахь жилдээ цэвэр модон тавилганы цех ажиллуулж гурван хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.

Энэ жил нэмж хоёр хүнийг сургаж ажлын байраар хангасан. Бизнес маань жил бүр өргөжиж захиалагчдын тоо нэмэгдэж буй. Аймгийн төв болон зэргэлдээ сумууд, Улаанбаатар хотоос захиалга огт тасрахгүй.

Зарим тохиолдолд захиалгаа гүйцээх гэж тавуулаа  шахуу ажиллаж байна. Ер нь сүүлийн хэдэн жил манай хөдөөнийхөн худалдааны хятад тавилга авахаасаа илүү цэвэр модон тавилгыг илүүд үздэг болсон. Зургадугаар сараас есдүгээр сард захиалга ихэсдэг.

Учир нь шинэ гэр бүл болох гэж байгаа айлууд тавилганы захиалга  өгдөг болсон. Мөн сум, байгууллагын ойд жижиг модон сувинерийн захиалга авч үйлдвэрлэдэг. Бидний зорилго цэвэр модоор, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.

-Үйлдвэрийн байртай болсон уу? Ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг нь төлж эхэлсэн үү? Ажилчдынхаа  цалинг нэмэж чадаж байна уу?

-Бид хэдэн жил өөрийн гэсэн байргүй явлаа. Саяхан нэг жижиг байрыг тохижуулсан. Сүүлийн үеийн суурин тоног төхөөрөмж дутагдалтай байгаа ч цаашид ажлын байраа өргөтгөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлэх нь бидний зорилго.

Отгон суманд мужааны мэргэжлээр төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан байхгүй. Харин өнгөрсөн хавар аймгийн МСҮТ-ийг төгссөн хоёр залууг ажлын байраар хангаж хамтран ажиллаж эхэлсэн. Тиймээс энэ чиглэлээр суралцаж төгсөөд сум орон нутагтаа ажиллах хүсэлтэй залуусыг нэмж ажлын байраар хангах  бидний зорилт хэвээрээ.

Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байгаа. Ер нь урамшууллаар цалинжуулдаг. Ажлын бүтээмжээр нь гэсэн үг. Ойролцоогоор 350-400 орчим мянган төгрөгөөр цалинжиж байгаа. Өнгөрсөн жилээс цалин нэмэгдээгүй. Харин захиалга, бүтээгдэхүүний тоогоор урамшууллыг ажилчид маань авч байгаа.

-Танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авч байна. Бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн жил 10 орчим төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Харин энэ жил ажилчдын тоо нэмэгдэж бүтээгдэхүүний нэр төрөл таваар нэмэгдсэн. Учир нь шинээр сургууль төгсөж ирсэн залуучуудын санаачилгаар үзэгний сав, хишгийн авдар, жааз гэхчлэн бэлэг дурсгалын модон эдлэлийг шинээр захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. Ер нь монгол гэрт хэрэгтэй модон бүхий л тавилгыг мөн захиалгаар хийдэг.  Монгол гэр гэлтгүй иргэдийн захиалсан болгоныг  хийдэг.

Бүтээгдэхүүнээ хуш, нарс модоор үйлдвэрлэдэг. Учир нь модны чанар сайн хөнгөн. Дан модон тавилга гэхээсээ илүү тавилгаа сийлбэртэй хийж байгаа. Би өөрөө удам дамжсан гарын ур дүйтэй.  Бас сийлбэр хийдэг. Тиймээс ихэнхи тавилгаа өөрийн гараар сийлж чимэглэхээс гадна тавилганыхаа өнгө, будаг хээ хуарыг нь ч гэсэн захиалгын дагуу хээлж өгдөг.

Тавилгыг гэртээ бэлэн тавихаар болгоод л өгдөг. Модоо Өвөрхангай болон, Тосонцэнгэл сумаас авдаг. Үнэ нь гайгүй. Харин сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнээр түүхий эдийг татах тээврийн зардал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад зарим модон тавилгын үнэ өөрчлөгдөж бага зэрэг нэмсэн байгаа.

-Ойролцоогоор нэг тавилгыг хичнээн төгрөгөөр үйлдвэрлэдэг вэ? Зах зээлд борлуулж байгаа тавилгуудаас үнэ нь хямд байж чаддаг уу?

-Тухайн бүтээгдэхүүний орц, түүхий эдийн зардлаас хамаарч үнэ нь өөр өөр. Худалдаанд борлуулж байгаа тавилгаас өнгө дизайны хувьд ялгарахгүй, чанар маш сайн, орон нутагт боломжийн үнээр борлуулж байгаа. Ихэвчлэн захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас борлуулагдахгүй байх вий гэж санаа зовохгүй. Бүтээгдэхүүн бүр эзэнтэй байдгаараа онцлог.

Дунджаар 70-350 мянган төгрөгийн хооронд л бүтээгдэхүүнээ үнэлж байгаа. Томоохон тавилга өргөн ор, хувцасны шүүгээ, ширээ, мөлхөө тавилга гээд нэг гэрийн бүрэн тавилга 2.5 сая-аас дээш үнэлгээтэй. Мөн энэ жилээс шинээр үйлдвэрлэж эхэлсэн хишгийн авдар гэхэд 20-25 мянган төгрөгийн үнэтэй.

Харин үзэгний сав, нэрийн хуудасны сав зэрэг ширээн дээр тавих зориулалтай модон эдлэл 20-30 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ нь будгаар чимэглэсэн үү эсвэл сийлбэртэйгээс шалтгаалаад өөр өөр үнэтэй гарч байгаа.

Шилүүстэй сумын хувиараа бизнес

эрхлэгч иргэн Н.Мөнхтөр:Сум хөгжүүлэх сангийн зээлийг дахин авч ажилчдынхаа тоог нэмсэн


- Танай өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтан, даацын блокны эрэлт хэрэгцээ их болжээ. Борлуулалт захиалга ямар байна?

-Би сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн  зээл анх удаа авч үйлдвэрлэлээ эхэлж байсан. 2013 оноос хойш явган хүний замын хавтан, бродюр, блок, тоосгоны үйлдвэрлэл явуулж дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байлаа.

Харин 2018 оны хувьд үйлдвэрлэл маань илүү өргөжиж ажилчдынхаа тоог нэмснээр бүтээгдэхүүний тоо чанар сайжирсан. Борлуулалт захиалга сайн байна. Бид 2018 он гарснаас хойш 30000 гаруй блок, явган хүний замын хавтан гэхэд 75000 мянга орчмыг үйлдвэрлэсэн.

Манай сум болон хөрш зэргэлдээ сумдаас захиалга их ирдэг. Хавар, зун, намартаа захиалгынхаа тоосгыг үйлдвэрлэдэг. Иргэд, байгууллагууд, бас сумд барилга барьж байгаа барилгын компаниуд тоосгоны болон блокны захиалга өгдөг. Сүүлийн үед сумын төвийн айлууд болон малчид хөдөө зуслан, өвөлжөөн дээрээ байшин их барьдаг болжээ.

Тиймээс сумынхаа иргэдийн захиалгад дарагдаж хугацаагүй шахам л ажиллах юм. Энэ жил манай сумын малчид өвөлжөөгөө тохижуулна гээд 6000 гаруй блок, тоосгыг худалдаж авлаа. Ер нь захиалга сайн, борлуулалт ч сайн. Сумын удирдлагууд ч дэмжиж ажилладаг. Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа байшин барилга, зам, гүүрийн ажилд манай үйлдвэрийн тоосго, блок, замын өнгөт хавтанг хэрэглээд сурсан байгаа.

-Та сумандаа гагнуур хийдэг. Гагнуурын ажил хэр зэрэг өргөжив?

-Тиймээ төмрөөр бас үйлдвэрлэл явуулж байгаа. Төмөр хайс, хашаа, айл, албан байгууллагуудын хаалга зэргийг төмрөөр хямд өртгөөр гагнаж хийж өгдөг.

Сумынхан бол гагнуурын төрлийн ажлыг манайд л даалгадаг. Эрэлт, хэрэгцээг нь хангаж ажиллаж л байгаа. Төмрийн үйлдвэрлэл маань ч захиалга тасардаггүй юм. Өнгөрсөн жил тоосго, блок, төмрийн үйлдвэрлэл дээрээ сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөсөн.Зээлийнхээ эргэн төлөлтийг гурван сарын дотор төлөөд дууссан.

Энэ жил дахин зээл авсан. Сум хөгжүүлэх сангаас зээл аваад авсан зээлээ бодит үйлдвэрлэл бий болгож эргэн төлөлтөө цаг хугацаанд нь төлөөд дуусахаар ахин энэ сангаас зээл авах бүрэн боломжтой юм билээ. Ер нь сум хөгжүүлэх сан болон, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бол маш үр дүнтэй хөрөнгө оруулалт.

Хүмүүст хэрэгтэй бараа материал үйлдвэрлэе гэсэн хүндээ энэ сангийн зээл хүрч чадвал үр дүн гардаг. Олон хүн ч байнгын ажлын байртай орлоготой болж байна. Миний хувьд энэ сангаас зээл авсанаар өөрийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй сумынхаа гарын ур дүйтэй, тогтсон ажилгүй залуучуудыг байнгын ажлын байраар хангасан.

Мөн өөрийн жаахан үйлдвэрлэлээ бага багаар өргөжүүллээ. Энэ нь улсаас өгч буй том боломж. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг. Тиймээс залуучууд зээл авсан бол үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Зарим иргэд зээл авчихаад ямар ч үр дүнгүй хоосон цацаад өнгөрч байгаа нь харамсалтай санагддаг. Тухайлбал манай сум өнгөрсөн онд сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 60.4 сая төгрөгийг төвлөрүүлж 26 иргэнд зээл олгосон байсан. Энэ бол маш том үр дүн. Бас зээл авчихаад эргэн төлөлтөө ч хийдэггүй иргэд байдаг гэсэн. Үүнд харамсдаг.

Сум орон нутгаас юм хийе бүтээе гэсэн үйлдвэрлэгчдээ маш сайн дэмжиж байгаад энэ дашрамд талархал илэрхийлье. 2018 онд бид сум хөгжүүлэх сангаас зээл авснаар үйлдвэрлэлээ өргөтгөөд долоон хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Өнгөрсөн жил бид гурвуулаа ажиллаж байсан. Ажилчид маань гэрээтэй. Нийгмийн даатгалыг нь төлдөг. Ихэвчлэн залуучууд ажиллаж байгаа.

-Танай бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнээс чанар, үнийн хувьд хэр зэрэг вэ?

-Манайх орон нутгаасаа элдэв тээврийн зардалгүйгээр материалаа авчихдаг болохоор зах зээлийн ханшаас хямд өртгөөр буюу өнгөлгөөний тоосгыг 500 төг, даацын блокыг 1500 төгрөгөөр чанартай үйлдвэрлэж зах зээлд хүргэдэг. Харин төмөр хайс хашаа, хаалгыг материалынхаа авсан үнээс шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй.

Гэхдээ л орон нутагтаа хямд өртгөөр борлуулахыг хичээдэг. Захиалагч, хэрэглэгч байнгын болохоор борлуулалт тал дээр санаа зовдоггүй. Харин чанар, стандартыг анхаарч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажилладаг . Миний хувьд эзэмшсэн мэргэжилгүй, гэхдээ гарын ур дүйтэй л хүн.

Өрх толгойлсон, ажилгүй эмэгтэйчүүд нэгдэж оёдлын цех байгуулжээ

Завханы Дөрвөлжин сумын “Дөрвөлжин урлан” нөхөрлөл энэ жил 40 сая төгрөгийн бараа борлуулжээ. Тус нөхөрлөлийг анх ажилгүй, өрх толгойлсон 17 эмэгтэй нэгдэж байгуулсан аж.

2017 оны тавдугаар сард нөхөрлөлөө байгуулж аймгийн Политехник коллежийн оёдлын багшийг урьж 14 хоногийн сургалт авснаар “Дөрвөлжин урлан” нэртэй цех байгуулагджээ.

Ийнхүү сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авч эсгий, зөөлөн оёдол, гар урлал, гутлын дөрвөн цехэд тус бүр таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус нөхөрлөл өргөжиж таван цехэд нийт 23 эмэгтэй ажиллаж байнгын ажлын байртай болж. Сумынхаа иргэдээс гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанид ажлын бээлий нийлүүлэн ажиллаж байна. Тухайлбал гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, хөнжлийн углаа даавуу, хувцас захиалга, засвар, монгол, буриад гутлыг хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан захиалгаар оёж өгдөг.

Мөн “Дөрвөлжин урлан” нөхөрлөл аймгийн Политехникийн сургуулийн суралцагчдыг зуны амралтаар нь ажлын байраар хангаж захиалгаа нэмж авдаг төдийгүй бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарлаа хандуулдаг бөгөөд гэрийн цагаан бүрээсэндээ хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгдөг ажээ.

Мөн оёдолчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, захиалгынхаа тоогоор урамшуулалт цалин авдаг бөгөөд нийгмийн даатгалаа төлдөг. Цаашид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөвөл олон төрлийн оёдол хийхээс гадна аймгийнхаа гэрийн цагаан бүрээсний эрэлтийг хангаж олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах боломжтой хэмээн Дөрвөлжин урлан” нөхөрлөлийн тэргүүн Н.Цацрал ярив.

Дашрамд тус цехийнхэн өнгөрсөн наймдугаар сард дахин 14 хоногийн сургалтанд хамрагдаж монгол, европ загварын төрөл бүрийн хувцасны эсгүүрийн шат ахисан дамжаанд сурч төгсчээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ