УИХ-ын эмэгтэй гишүүд ХБНГУ-ын БХЯ-ны сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-20 15:14:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайен манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр (2018.10.20) УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзалт хийлээ.


Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцов.


 Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн,  УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол хатагтай Урсула Фон Дер Лайеныг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд “Манай улсад өмнө нь олон хүчирхэг улстөрч эмэгтэйчүүд айлчлан ирж байсан ч анх удаа УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзах санал гаргасан хүн нь Та байлаа” хэмээгээд талархал илэрхийлсэн юм.


Тэрбээр, “ХБНГУ анх удаагаа Батлан хамгаалах яамны сайдаар эмэгтэй хүнийг томилсон нь сайхан санагдаж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Монгол Улсын хүн амын 51,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч улс төрд өрсөлдөх нь амаргүй даваа байдаг. Парламентын сонгууль мажоратори сисметээр явагддаг тул нэг тойрогт эмэгтэйчүүд 5-8 нэр дэвшигчтэй эн тэнцүү өрсөлдөх хэрэгтэй болдог. Улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр байдаг учраас шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсвийг нэмэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд эмэгтэйчүүд манлайлан оролцдог. УИХ-ын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, асуудлыг бүх шатанд шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладаг. Манай улсад сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь ядуурлын шалтгаан болж байна. Цаашид улс төрд улам олон эмэгтэйчүүдийг оролцуулах, тэднийг чадавхжуулах, олон нийтэд таниулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.



ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайен гишүүдэд найрсаг дотноор хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлээд нам харгалзахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллаж байгаа эрхэм гишүүдэд баяр хүргэв.


Тэрбээр, “Би олон жил гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Ядуурлыг бууруулахын тулд нэн тэргүүнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орлогын эх үүсвэртэй болгох хэрэгтэй. ХБНГУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд асрах, ажлын цагийн зохицуулалт зэргийг нь нарийвчлан хуульчилж өгсөн. Мөн эрэгтэйчүүд хүүхдээ асрах асуудлыг хуулинд тодорхой хэмжээгээр тусгасан. Ийм зохицуулалт хийх нь мэдээж амаргүй ч үр дүнтэй болох нь харагдаж байгаа. Залуу эмэгтэйчүүд гэр бүлтэй болохын өмнө сайн боловсролтой болох тал дээр анхаарах нь зүйтэй. Айлчлалын хүрээнд Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй ХБНГУ-ын төрийн сангуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтийг уламжилна. Манай улсад улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон байдаг. Амаргүй байсан ч эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувь болгож чадсан. Монгол Улсад ч энэ түвшинд хүрэх боломж бүрэн байгаа гэж бодож байна” гэлээ.


Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав.

Холбоотой мэдээ