Өсвөр үе, залуусын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-22 15:01:16

 


 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас “Эерэг хандлага, эрүүл оюутан” аян өрнүүлж Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон Улаангом политехник коллеж, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явууллаа.

Сургалтаар архи, тамхи зэрэг хорт зуршлын сөрөг нөлөө болон түүнээс сэргийлэх, татгалзах зөвлөгөө өгснөөс гадна сайн дурын нийгмийн даатгал төлсний ач холбогдлыг таниулсан бөгөөд сургалтыг аймгийн ГБХЗХГ-аас Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газартай хамтран  зохион байгуулсан.  

“Нийгэмд өсвөр үе, залуусын дунд жил ирэх тусам хорт зуршлын хэрэглээ нэмэгдэхийн дээр эрүүл мэндийн боловсролын байдал хүндхэн байна. Тухайлбал, архи, тамхины хэрэглээ их байгаа. Нийгэмд эерэг хандлагыг түгээх, монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг эрүүл мэндээ хамгаалдаг, аливаа хорт зуршлын хэрэглээгүй иргэн болгон төлөвшүүлэх, сэтгэлзүй, мэдлэгийг түгээх зорилго дор “Эерэг хандлага, эрүүл оюутан” аяныг өрнүүлж буй” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.

Тус аяны дараагаар “Тамхины ишгүй Увс” аян өрнүүлэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг гадна орчиндоо тамхи татах цэг бий болгохыг уриалах, зах, таксины зогсоол, гудамж талбай гэх мэт олон нийт цугладаг газарт холбогдох хуулийг сурталчилсан сурталчилгаа мэдээлэл байршуулах, “Тамхины ишгүй Увс” цэвэрлэгээний арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлыг хийх аж. 

                                                                                                                                     Б.Батхүү 

Холбоотой мэдээ