Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2018-10-20 14:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг угтан өнөөдөр Нийслэлийн байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан  (WWF)-гийн   Монгол   дахь   хөтөлбөрийн   газар хамтран “Бид хуулиар хамгаалагдсан” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд урлагийн үзүүлбэр, “АХА” тэмцээн, хөдөлгөөнт дасгал, богино зайн алхалт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Монгол Улсад одоогийн байдлаар 800-1000 цоохор ирвэс бүртгэгдэн бөгөөд энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийy 20 хувьтай тэнцэж буй үзүүлэлт гэдгийг Нийслэлийн байгаль орчны газрын удирдлагууд дурьдаж байлаа.

2013 онд Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс болон донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Холбоотой мэдээ