Монгол Улсын тамирчид олимпоос анхны медаль хүртсэн түүхэн өдөр тохиож байна

Монголын мэдээ | Спорт
ariunbold@montsame.mn
2018-10-20 12:12:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын төрийн далбаа анх удаа олимпын тэнгэрт мандаж, Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн түүхэн үйл явдал эдүгэгээс 50 жилийн өмнөх энэ өдөр тохиож байв.

1968 онд Мексикийн нийслэл Мехико хотноо зуны XIX олимпын их наадам болж, манай улсаас 16 тамирчин оролцон, чөлөөт бөхийн төрөлд эх орноо төлөөлөн барилдсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар 10 дугаар сарын 20-нд олимпийн хүрэл медаль хүртэж байсан бол Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медальтан болсон юм. Ийнхүү 50 жилийн өмнөх энэ өдөр зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандаж байсан түүхтэй.

Мехикогийн олимпод оролцсон Монголын баг буудлагын төрлөөр Ё.Батсүх, М.Жанцанхорлоо Т.Мягмаржав, гимнастикийн төрлөөр З.Нямдаваа, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Норолхоо нар багтаж байсан бөгөөд хөнгөн атлетикаар ганцхан эмэгтэй тамирчин явсан нь зээрэнцэг шидэлтийн Д Намжилмаа юм. Харин чөлөөт бөхийн төрөлд дээр дурьдсан олимпийн медальтнуудаас гадна Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар зодоглож байв.

Үүнээс хойш Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.

Холбоотой мэдээ