Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 23-нд 100 мянга дахь нислэг дайран өнгөрнө

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-10-20 09:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 23-ны 17.55 цагийн орчимд “CHINA EASTERN AIRLINES авиа компанийн CES259 аялалын дугаартай нислэг 2018 оны 100 мянга дахь өнгөрөлтийн нислэгийг гүйцэтгэгдэх төлөвтэй байгааг ИНЕГ-аас мэдээлэв.

Өнгөрсөн онд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг 11 дүгээр сарын 26-нд үйлдэгдсэн байна. Харин энэ онд дээрх хугацаанаас нэг сарын өмнө 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг тохиож байгаа юм. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй нислэгийн тоо ойролцоогоор 10 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэсэн судалгааг ИНЕГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба гаргасан байна.

Түүнчлэн тус албанаас энэ оны 1 дүгээр сарын 01-ээс энэ сарын 15-ны өдөр хүртэлх нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээг гаргажээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс нийт 109 мянга 470 нислэг гүйцэтгэжээ. Үүнээс олон улсын өнгөрөлтийн хуваарьт 90 мянга 891, хуваарийн бус 6469 нислэг, Олон улсын хөөрөлт, буултын хуваарьт 5889, хуваарийн бус 1033 нислэг үйлдсэн байна. Түүнчлэн орон нутагт хуваарьт 2654, хуваарийн бус 2534 нислэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиас өссөн үзүүлэлт аж.

Холбоотой мэдээ