Цэвэршүүлэх үйлдвэр барьж усаа үйлдвэрлэж, өртөг шингээх тул усны тарифыг шинэчлэх шаардлагатай болж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-10-19 20:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр чуулсан “Монголын Экологийн Форум 2018” дээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Монгол Улс агаарын бохирдлоо бууруулахад олон улсын байгууллага нэлээд анхаарч, АХБ-наас авч буй дэмжлэг энэ чиглэлд олгогдож байна. Засгийн газар энэ жил 80 мянган тонн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлнэ” гэж мэдэгдлээ.


“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-ууд хамтран, БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан форумын үеэр бас нэг дуулгасан мэдээ нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хоороонд байгуулах хоёр дахь компакт гэрээний хүрээнд манай улсад усан хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 350 сая ам.доллар буцалтгүй тусламжаар орж ирэхээр болсон ядал юм. Буцалтгүй тусламжийн хүрээнд гурван ажлыг хийхээс нэгд,

Улаанбаатар хотын усан хангамжийг гүний усны баруун доод эх үүсвэрээс нэмэгдүүлнэ. Ингэснээр жилд 50 сая шоо метр ус гаргаж дахин цэвэршүүлэх үйлдвэр байгуулах юм. Үйлдвэрээс усыг нийтийн шугам сүлжээнд нийлүүлэх дэд бүтцийг хамтад нь байгуулах аж. Хоёрт, шинээр цэвэрлэх байгууламж барихад түүнээс цэвэрлэгдээд гарч байгаа уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулан III, IV цахилгаан станцад нийлүүлэх юм.

Төсөл хэрэгжих эхний 1-2 жилд 15 сая шоо метр ус, 5-6 жилийн дараа 18 сая шоо метр усыг цэвэршүүлж нийлүүлнэ гэж байв. Гуравт, усаа үйлдвэрлэж, үнэ өртөг шингээж байгаа тул усны тарифыг шинэчлэх шаардлагатай болж байна. Мөн бохирдлын өртгийг нэмж тооцдог болно. Компакт гэрээ нь 5 жилийн хугацаанд хэрэгждэг бөгөөд эхний жилд бэлтгэл ажлаа хангаж, барилга угсралтын ажил 2019 оны сүүлээс эхэлж, хамгийн цаад хугацаа нь 2026 он гэхэд бидний ажил үр дүнгээ өгнө” гэж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний Үндэсний Ажлын албаны дарга Э.Содонтогос танилцуулсан юм.


Усны хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг харин өнөөдрийн байдлыг хэлэхдээ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль дөрвөн Засгийн газрын нүүрийг үзлээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг олон удаа хэлэлцсэн ч батлаагүй. Долоон төрлийн 200 орчим компани ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой. Туул голын эрэг дагуу компаниуд зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл голын эргээс 50 метр дотор байшин барихаар хашаа хатгасан байдлыг бид бэлхнээ харж байгаа. Тэдгээр компаниуд шүүхэд ялалт байгуулчихдаг” гэж байв. Хуульч Л.Нинжбат хэлэхдээ, Улстөрчид Туул голд их хайнга ханддаг хэрнээ сонгуулийн өмнө Туулаа аварна, хамгаална гэж амлах нь элбэг байдаг. Туулын дагуу арьс ширний 40 үйлдвэр бий. Тэд байгаль орчны бохирдолд жинтэй “хувь нэмэр” оруулдаг. Мөн сүү, спиртийн үйлдвэрүүд технологийн бохирдлоо цутгасаар байгаа.

Туул голын эрх зүйн байдлын тухай гэсэн тусдаа хууль батлах ёстой. Европт Дунай мөрний конвенцыг уг мөрөн дагуух 11 улс хамтран байгуулсан байдаг.



Монголд өөр гол байхгүй юм шиг бүх үйлдвэр Туулын дагуу байрлалтай. Үйлдвэрүүд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаа ч ойлгохгүй байна. Үүнийг илрүүлж тогтоодог ур чадвар манай хуульчдад дутмаг тул сургалт зохион байгуулах шаардлагатай. Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын бүтцэд Туул голыг хамгаалах тусгай нэгж ажиллах ёстой” гэсэн саналаа хэлж байлааБОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Засгийн газраас ус бохирдуулагч бодисын нэг кг тутамд 100-500 төгрөгийн төлбөр тогтоох талаар журмын төсөлд заасан. Энэ нь чухам хэчнээн төгрөг байх гэдгийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд голын онцгой хамгаалалтын бүсийг эргээс 50 метр хүртэл гэж заасан. Хөвсгөл нуур, Горхи Тэрэлжийн бүсийн газрын нөөц даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж мэдэгдсэн юм.


Б.Болд

Холбоотой мэдээ