Үерийн гамшигт өртсөн өрхүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-10-19 15:44:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үерийн гамшигт өртөн орон гэр, эд хөрөнгөө алдсан өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжиж буй Гамшгийн үеийн яаралтай тусламжийн сангийн төсөлд Сүхбаатар аймгийн дөрвөн сум хамрагджээ. Аймгийн Улаанзагалмай хорооны ажлын хэсэг төсөлд хамрагдсан өрхүүдийн бэлэн мөнгөний дэмжлэгийг сум, орон нутагт нь очиж гардуулав.

Тодруулбал, Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Халзан сумын 25 өрх дээрх төсөлд хамрагджээ.


МУЗН-ээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Гамшгийн менежментийн төслийн хүрээнд Олон улсын Улаанзагалмай, Улаан хавирган сар нмийгэмлэгүүдийн холбооноос хэрэгжүүлж байгаа Гамшгийн үеийн яаралтай тусламжийн сангийн төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлээд байна.

Уг төсөлд манай аймгаас гадна 17 аймаг хамрагдаж байгаа. Бид төсөлд хамрагдах өрхөө сонгохдоо нэн шаардлагатай  өрхүүдийг эхний ээлжинд сонгосон. Дөрвөн сумын 25 өрхийн 98 иргэнд нийт зургаан сая төгрөгийн дэмжлэг олголоо. Нэг өрхөд 240 мянган төгрөг олгосон.

Энэхүү мөнгөн дэмжлэгийг тухайн иргэд зөвхөн өөрсдийн амьдрал ахуйд л зарцуулах ёстой. Банкаар дамжиж байгаа учир зарим иргэд зээл төлөхөд зарцуулахгүй байх тал дээр банктай харилцан тохиролцсон. Үүгээрээ давуу талтай. Ер нь Улаанзагалмай байгууллага бол ямар ч цаг үед, хаана ч ард иргэдтэйгээ хамт байхыг зорьдог.

Тийм ч учраас энэ удаагийн төсөлд хамрагдсан иргэд бидэнд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлж байсныг онцлон хэлмээр байна” гэж аймгийн УЗХ-ны ахлах аргазүйч Б.Ганчимэг хэллээ.

Он гарсаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 40 орчим айл өрх үерт автан орон гэр болон эд хөрөнгөө алджээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ