Хүүхдийнхээ нэрний талаар ярьжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-10-19 11:17:58

КАНБЕРРА. /CNN/. Суссексийн гүн болон гүнгийн ахайтан нарын Австрали дахь аялал үргэлжилсээр байгаа бөгөөд тэднийг Мелбурн хотноо трамвайгаар аялах үед сэтгүүлч удахгүй мэндлэх гэж буй хүүхдийнх нь нэрний талаар асуусан байна.


Хааны удмын хосын 16 хоногийн албан ёсны аяллын эхний цэг болох Австралид энэ долоо хоногийн даваа гарагт хүрэлцэн очсон бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа хунтайж Харригийн гэргий Меганыг бие давхар болсон тухай Кенсингтон ордноос олон нийтэд зарласан билээ.


Аяллын эхний өдрүүдэд удахгүй мэндлэх хүүхдийн нэрний талаар огт яриагүй боловч гүн болон гүнгийн ахайтан нарыг трамвайгаар аялаж явах үед Их Британийн “Press Association” агентлагийн сэтгүүлч сэтгүүлчдийн асууж болох асуултууд дунд байхгүй асуултыг тэднээс асууж чадсан байна.


“Хүүхдийнхээ нэрийг хэн гэж өгөхөөр төлөвлөж байгаа вэ? гэсэн 21 настай сэтгүүлчийн асуултад Меган хариулахдаа, “Бидэнд хүмүүсийн санал болгосон нэрсийн асар урт жагсаалт байгаа. Завтай үедээ тэдгээр нэрсийг анхааралтай унших болно” гэжээ.


34 настай Харри болон 37 настай Меган нар уг трамвайгаар далайн эрэгт хүрч, аврах албаны ажилтнууд болон эргийн хамгаалалтын сайн дурын ажилтнуудтай уулзсан байна.


Австралид хийх аяллын эхний өдөр Суссексийн гүн болон гүнгийн ахайтан нар Сидней хотноо байрладаг Австралийн Ерөнхий сайдын ордонд угтан авах арга хэмжээнд оролцсон бөгөөд тэдэнд тус улсын алдартай бүтээгдэхүүнд болох нярайн “Ugg” бойтгон гутал болон чихмэл имж хүүхэлдэйг бэлэг болгон өгчээ.



Холбоотой мэдээ