Парис хотын мэргэжилтнүүд утаа, түгжрэл бууруулахад хамтран ажиллана

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-10-19 10:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-ын дарга С.Амарсайхан 2018 оны 10 дугаар сарын 17-20-ны өдөр БНФУ-д айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Францын засаг захиргааны төв нэгж Ил дө Франс мужийн нэгдүгээр орглогч дарга Жером Шартье, Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Патрик Клүмантай тус тус уулзав.

Уулзалтын үеэр манай талаас хот болон аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид агаарын бохирдол, утаатай тэмцэх, дэд бүтэц, хот төлөвлөлт, тэр дундаа нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдгээр салбар дахь францын мэргэжилтнүүдийг Улаанбаатарт урьж, туршлага солилцох тодорхой санал тавьлаа.

Францын талаас агаарын бохирдол, байгаль орчин, дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэл дэх Парис хотын мэргэшсэн агентлагуудаар дамжуулан эдгээр салбаруудад бодитойгоор хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийлж, манай талаас тавих тодорхой саналуудыг үндэслэн Улаанбаатар хотод Парис хотын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар тогтов. Мөн Парис хотод агаарын бохирдлыг 2050 он хүртэл бууруулах төлөвлөгөөний талаар манай төлөөлөгчдөд танилцуулсан бөгөөд энэ төлөвлөгөөний хүрээнд Парис хот дахь хуучин халаалтын системүүдийг утаагүйжүүлэх, 2050 он хүртэл Парис хотын автомашины тоог цөөлөх, цахилгаанаар ажиллах автомашины хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд буй талаар мэдээллээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 19-ний өдөр Францын Орлеон хотод ажиллана.

Холбоотой мэдээ