Томуугаар өвчлөгсдийн 80,4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-10-19 11:53:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын дагуу томуу, томуу төст өвчний мэдээг долоо хоног бүр Нэгдсэн эмнэлэг, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүд гээд нийт 23 нэгжээс нэгтгэн дүгнэлт хийдэг бөгөөд тус аймгийн томуугаар өвчлөгсдийн 80,4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.

Аравдугаар сарын 15-ны байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаторийн нийт 2005 үзлэгээс 82 буюу 4 хувийг, яаралтай тусламжийн дуудлагын 208 үзлэгээс 16 буюу 7,6 хувийг томуу томуу төст өвчин эзэлжээ.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар ихсэж байгаа тул өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд хүргүүлээд байна.Тодруулбал, бага насны хүүхдийг хэт их дааруулахгүй, халууцуулахгүй, цаг агаарын байдалд тохируулан хувцаслах, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор буцалсан халуун бүлээн чанаргана, аньсны шүүс, аарц, витамин С зэрэг амин дэмээр баялаг шингэн зүйлсийг маш сайн уулгах, хоол хүнсэндээ шөлтэй хоолыг түлхүү хэрэглэх, гэр болон өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх, халдвар авахгүй болон халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд шаардлагагүй тохиолдолд оролцохгүй байх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлж байхыг зөвлөсөн юм.

Түүнчлэн гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэх өөрийн дураар янз бүрийн эм,антибиотикийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг дагаж мөрдөн өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулав.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ