Итали найруулагчийн шинэ тавилттай “Севилийн үсчин” дуурь үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-18 16:16:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид тоглолтын шинэ улирлынхаа эхэнд дэлхийд алдартай хошин дуурийн нэг Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг энэ сарын 20-нд Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн шинэ тавилтаар үзэгчдэдээ толилуулна.

Уг бүтээлийг УДБЭТ-ын тайзнаа анх тоглосноос хойш өнөөг хүртэл нийт 39 жил тасралтгүй тоглохдоо хоёр удаа сэргээн, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор үзэгчдийн хүртээл болгож байв. Тус театр урын сангийн бодлогынхоо хүрээнд өнгөрсөн жил дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглосон. Энэхүү бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцжээ.  Сонгодог урлаг сонирхогч та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой. Уг бүтээлийн удирдлагын багт уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ,  удирдаач СТА Ц.Гансүх, еранхий зураач, УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа ажиллаж байна. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тодруулга: Дуурийн нээлт 1816 онд Италийн “Аржентина” театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10 дугаар сарын 13-нд үзэгчдэд хүрчээ. Энэхүү дуурь нь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд багтдаг байна.

Холбоотой мэдээ