ЕАБХАБ-ын шинжээчид сургуулийн удирдлага, багш нарт сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-18 15:35:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод "Олон хэлт боловсролын төлөвлөлт" сэдэвт сургалт 10 дугаар сарын 18-нд боллоо. Уг  арга хэмжээг БСШУСЯ, Боловсролын Хүрээлэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/  хамтран зохион байгуулж байгаа аж.

Сургалтын талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дэд дарга А.Еркегүлээс тодруулахад, "ЕАБХАБ-ын шинжээчид, төслийн зохицуулагчид ирж сургуулиудын захирал, сургалтын менежерүүд болон бага анги, монгол хэл, казах хэлний багш нарт мэдээлэл хийж байна.

Тэдний дотор Их Британи, Голланд улсуудаас ирсэн хүмүүс бий. Мөн Киргизстаны хос хэлний сургалттай сургуулийн захирал Гульназ Сайрова, Казахстаны Алматы хотын уйгар хүүхдүүд суралцдаг 153 дугаар сургуулийн захирал Шавкет Умаров нар олон хэлт сургуулийн онцлог талууд, олон үндэстний сургуулийн менежментийн талаар өөрсдийн туршлага, жишээн дээр хичээл зааж байгаа. Өнгөрсөн жил Казахстан Улсын Шымкент хотод болсон  тус сургалтад манайхаас дөрвөн хүн оролцож туршлага судалсан" хэмээлээ.

Түүний тайлбарласнаар, Баян-Өлгий аймгийн казах, тува хүүхдүүдийн хувьд хэлний бэрхшээлийн асуудал тэдний бие хүн болж төлөвшихөд нь сөргөөр нөлөөлж байна.  Хос хэлний боловсролын талаар төрөөс баримтлах бодлого одоог хүртэл гараагүй бөгөөд тус аймгийн боловсролын салбар жолоочгүй машин шиг явж байгааг тэрээр хэлж байна.

Иймд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектортой хамтран бусад орнуудын туршлагыг судлах, тэдний сайн туршлагуудыг боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгахад өнөөдрийн сургалтын ач холбогдол оршиж байгаа ажээ.   


Ө.Нурболат

Холбоотой мэдээ