Их хотын түүхэн ой бүтээн байгуулалт ихтэй, үйл явдлаар баялаг боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-10-18 16:08:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 57 жилийн ойн баяр 17-нд болсон. Баярын үйл ажиллагаа эх орныхоо торгон хилийг манах эр цэргүүдээ үдэн гаргах арга хэмжээгээр эхэлсэн.

Энэ оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан эх орныхоо энхийн манаанд үүрэг гүйцэтгэх эр цэргүүдээ үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа өглөөний 09.00 цагт Залуучууд театрын ѳмнѳ Найрамдал талбайд болов. Ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Энхтѳр болон багийн засаг дарга нар болон албаны бусад хүмүүс оролцож цэргүүддээ амжилт хүсэж, үүргээ нэр тѳртэй гүйцэтгээд ирэхийг захив. Хотынхоо ойн баярын ѳдѳр ийнхүү хайртай хүүгээ, дүүгээ, ханиа цэргийн албанд мордуулж байгаад цэргүүдийн ар гэрийнхэн нь билэгшээж байлааИх хотын баярын дараагийн үйл ажиллагаа  ойн баярын хурал.  Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойд зориулсан Баярын хурал "Залуучууд" театрын их танхимд болсон.Тэртээ 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хотын гэрэл гэгээ цацарч, гал голомтоо бадраасан түүхтэй.

Хүндэтгэлийн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч С.Насанбат Дархан хотын хүндэт иргэн, аймгийн ИТХ-ын хурлын даргаар хамгийн олон жил буюу тасралтгүй 12 жил ажилласан Л.Гүнчин тэргүүтэй аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ОХУ, БНСУ-ын болон аймгийн үе үеийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцсон.

Баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан хүүүсийг төрийн дээд одон медалиар шагнав.

Алтан гадас одонгоор Хонгор сумын ахмад настан  Д.Батбаатар, Хонгор сумын ЗДТГ-ын мал эмнэлэг, 

үржлийн тасгийн дарга С.Даваасүрэн, "Өег гурил" ХХК-ийн менежер. Ц. Даваасүрэн, "Цайдам өгөөж" ХХК-ийн менежер Р. Тунгалагсайхан, "Дархан хүнс" ХК-ийн мастер Ж. Цэрэндолгор, "Дархан савхи" ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг, Дархан сумын 10 дугаар багийн ахмад настан Б.Энхтуяа  нар шагнуулсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар, ШУТИС-ийн ДаТС-ийн ахмад багш А.Бум-Аюуш,"Оюуны ирээдүй" цогцолборын ахмад багш Довчин Тэгшжаргал нар шагнуулав. Мөн төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг, “Найрамдлын дархан” тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичиг болон бусад шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулав.

Харин Дархан хотын ойн өдрөөр Монголын анхны төмөр замыг тавихад гар бие оролцож байсан ахмад замчин, төрийн үйлчилгээний салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гарган тогтвор суурьшилтай ажилласан Д.Норжмаа, БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын  хүүхдийн спортын наймдугаар Их наадмаас 100 метрийн зайд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн зэрэгцээ Монгол Улсын тамирчдаас хамгийн олон медаль хүртсэн хөнгөн атлетикийн тамирчин, Дархан сумын дөрөвдүгээр сургуулийн сурагч Т.Солонго нарыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав 

Их хотын баярын үеэр Дархан-Уул аймаг БНСУ-ын Өмнөд Кёнгсан аймгийн Чангвон хоттой найрамдалт харилцаа тогтоож  хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар нийгмийн харилцааг бүхий л салбарт хөгжүүлэн аялал жуулчлалын салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  ач холбогдолтой гэж талууд дурдсан. Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг авч ажиллуулах, хот төлөвлөлтийн асуудлаар туршлага судлах, хамтран ажиллах,эрүүл мэнд, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг тогтоож, салбарын мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах үйл ажиллагаа явуулах, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих асуудлаар хамтарна. БНСУ-ын Чангвон хотын нэгдүгээр орлогч дарга Жонг Гу Чан Дарханчуудад хандан,

“Монгол орны аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Дархан хот өнгөрсөн 57 жилийн хугацаанд байгалийн нөөц баялаг, сайтар хөгжүүлсэн дэд бүтэц, соёл боловсролын байгууллагуудын хөгжлөөр улсдаа тэргүүлэх хот болон хөгжиж чадсан. Баялаг түүхтэй Дархан хотод өөрийн биеэр айлчилж, зочломтгой ард иргэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн мэндчилсэн. Ийнхүү их хотын баярын өдөр хөл хөдөлгөөн дүүрэн болж албаныхан нийгмийн бүхий л салбарт чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулсан юм. 

Түүхэн ойн төгсгөл хэсэгт их хотын ойн өдөр бүл нэмж баясал авчирсан бяцхан үрсэд бэлэг гардуулсан. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт зургаан хүүхэд мэндэлсэн байлаа.Уламжлал ёсоор аймгийн удирдлагууд хотынхоо төрсөн өдрөөр мэндэлсэн бяцхан үрсдээ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Ийнхүү жил бүрийн 10 дугаар сарын 17-нд тохиодог их хотын баярын ийнхүү үйлс бүхэн ундарсан, иргэд нь тайван амгалан, их төрийн үйл хэргийг иргэн бүрт чиглүүлсэн, хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлсэн, эх орны эзэд энхрий бяцхан үрс нь дуугаа хадааж залгамж халаа болон мэндэлсэн үйл явдлаар баялаг сайхан боллоо.

 

Л.Отгонбаатар

 

 

Холбоотой мэдээ