"Нэгдүгээрт хүүхэд" хүүхдийн нэгдсэн чуулган боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-10-19 15:40:36


Увс /МОНЦАМЭ/.“Нэгдүгээрт хүүхэд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган энэ сарын 16-нд Улаангом хотноо боллоо. Чуулганд аймгийн 19 сумын хүүхдүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд  аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож, хүүхэд багачуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдээ танилцуулсан юм.

Энэ үеэр хүүхдүүдийн илгээсэн хүслийн захиаг аймгийн Засаг даргад гардууллаа. Чуулганы хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хэлэлцүүлэг, сум, сургуулиас үе тэнгийнхнээ төлөөлж ирсэн хүүхдүүдийн хэлэлцүүлэг, хүүхдийн элч нарын тангараг өргөх ёслол, хүүхдийн элч нарт ГЭРЭГЭ гардуулах, хүүхдүүдэд болон хүүхдийн төлөө сайн үйлстнүүдэд шагнал гардуулах зэрэг арга хэмжээ болов. 

“Нэгдүгээрт хүүхэд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганы хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хэлэлцүүлгээр Увс аймгийн хүүхэд багачуудын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд нухацтай ярилцаж, хүүхдийн сурч хүмүүжих, аюулгүй амар тайван амьдрах тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзлээ.
Хүүхдийн нэгдсэн чуулганд аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд, сурагчид, сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн,
сумдын Засаг дарга нар, сумдын хүүхдийн элч нар, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн БСУГ, Цагдаагийн газар, ЭМГ-ын мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцсон юм.

                                                                                                                                   Б.Батхүү 

Холбоотой мэдээ