Улаанбаатар хотын эрчим хүчний 80 орчим хувийг нар салхиар шийдэх боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-10-16 17:38:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайланг танилцуулах семинар өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд болов.

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Төслийн захирал Рут Эрлбек, “Улаанбаатар хотын эрчим хүч 100 хувь нүүрснээс хамааралтай. Улаанбаатар хотын эрчим хүчний салбар 20-30 жилийн хугацаанд аажмаар аль болох нүүрс ашиглахаас зайлсхийж хүлэмжийн хийн ялгарал багатай системрүү шилжих боломжийг судалсан. Нар салхийг ашиглан Улаанбаатар хотын эрчим хүчний 80 орчим хувийг шийдэж болох үр дүн гарсан. Үүнд хотын нийт барилгын дээврүүд, налуу энгэр газруудад нарны зайн хураагуур, салхин сэнс зэргийг байгуулах гарц байна. Үүнээс 1500 мв эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин үлдсэн 20-25 хувийг дэвшилтэд технологи бүхий нүүрс ашиглах цахилгаан станц байгуулснаар шийдэх боломжтой” гэлээ.



Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Судалгааг нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэсэг гэж үзэж байгаа. Ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай хотын хувьд цаашид дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлого шийдвэр, үйл ажиллагаа явуулах, тогтвортой, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгох, түүнд тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийн шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэхээс гадна Парисын Уур амьсгалыг хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол Улсын үүрэг, амлалтанд Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг тодорхойлоход чухал судалгаа боллоо” гэв.

Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний дээрх хувилбаруудыг боловсруулж зөвлөмж гаргав.

Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон.

Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид тэмдэглэж байв.

Холбоотой мэдээ