Эмийн хэрэглээний агентлаг байгуулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-16 16:15:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эмийн хүртээмжийг сайжруулах нь” олон улсын хуралд оролцогчид Монгол Улсад эмийн хэрэглээний агентлаг байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “2016 оноос эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл хэрэгжсэнээр 300 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Эдийн засгийн ашиг нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, “Хэдийгээр өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмэнд 80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг ч эмийн үнэ өндөр байгааг нуух шаардлагагүй. Бид эмийн үнийг буруулахаар олон чиглэлд ажиллах шаардлагатай байна. Монгол Улс эмийн зохицуулалтын агентлагаа байгуулах хэрэгтэй гэж Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан бүлгийн ахлагч Патрик Л.Осеве хэлсэн. ДЭМБ ч ийм зөвлөмж өгч байгаа. Энэ агентлагийг байгуулснаар эмийн үйлдвэрлэл борлуулалт, түгээлт худалдан авалт зэргээс ашиг олох бүрэн боломж бий. Мөн иргэд өвдсөн үедээ эдийн засгийн дарамтанд оролгүй  хямд үнээр эмээ авна. Бүр цаашлаад бид хөрш орнуудтайгаа хамтарч ажиллах бололцоотой. Ингэвэл эмийн аюулгүй байдал боломжийн үнийн тухай асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмийн зохицуулалтын агентлаг байгуулах чиглэлд эрүүл мэндийн салбар санаачилгатай хандах хэрэгтэй. Өнөөдөр антибиотик үйлчлэхгүй ч байж мэдэхэээр тийм хэрэглээнд Монголчууд орсон. Үүнийг таслан зогсоохын тулд эмийн хэрэглээний агентлагийг байгуулах нь чухал. Хамгийн гол нь тус агентлаг бий болсноор иргэд чанартай, аюулгүй, хямд эмээр хангагдах бүрэн боломж бүрдэнэ гэдгийг манай зөвлөхүүд хэлж байна” гэв.


Тус хуралд оролцогчид төслийн хэрэгжилтийн үр дүн, хэрэгжүүлэх явцад суралцсан туршлага, шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ үндэсний болон олон улсын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт түгээж, хуваалцах, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар санал солилцсон юм.


АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, “Манай улс Азийн бүсийн бусад орнуудаас 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг. Тиймээс жижиг жижгээр эм худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь нь болж байна гэж үзсэн. Иймд улсын эмнэлгүүдэд хэрэглэх эмүүдийг нэгдсэн журмаар худалдаж авах асуудлыг хөндсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэдэг арга юм. Бид энэ онд улсын эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэж эхний худалдан авалтаа хийсэн. Ингэхдээ 16 нэр төрлийн эмийг нэгдсэн байдлаар авч, 300 сая төгрөг хэмнэсэн. Нэг төрлийн эмэнд л гэхэд 53 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ хэмнэлт эмийн үнийг хямд байх боломжтой гэдгийг харуулж байна. Мөн нэгдсэн байдлаар эмээ хямд худалдан авч байгаа учраас тухайн эмнэлэг хэмнэсэн мөнгөөрөө өөр төрлийн хэрэгцээтэй эмээ худалдан авах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ