“Нийслэлийн залуу хөтөч” сургалтад 200 залуу хамарч байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-10-16 13:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-ын Ажлын алба нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран “Нийслэлийн залуу хөтөч” аялал жуулчлалын сургалтыг нийслэлийн Иргэний танхимд энэ сарын 15-19-нд зохион байгуулж байна.

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуу хамарч байна. Сургалтыг амжилттай дүүргэсэн залууст батламж олгоно. Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлэхдээ, “НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох” зорилт тавьсан. Энэ хүрээнд  залуусыг түр болон тогтвортой ажлын байраар хангах энэхүү сургалтыг хоёр  дахь жилдээ зохион байгуулж байна. Оюутан залуусыг хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулснаар тэдэнд онол, практикийн мэдээллийг өгөхөөс гадна санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой” гэв. 

“Нийслэлийн залуу хөтөч” сургалтад хамарч буй залуус өнөөдөр хөтчийн ажил үүргийн тухай ойлголт, харилцааны ур чадвар сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, Монголын Үндэсний Их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэнхимийн багш Ж.Отгонцэцэг нар мэдээлэл өглөө. Сургалт 5 хоног, нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд Монгол ахуй, уламжлалт зан үйл, соёлын дархлаа, нийслэл Улаанбаатар хотын түүх, аяллын үед хөтчийн анхаарах зүйл, орон орны жуулчид ба дотоодын аялагчдын онцлог, жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг сэдвээр залуучуудад мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ