Байнгын хороо ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-16 13:01:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.

УИХ-аас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж буй юм. Эдгээр хууль нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 заалттай зөрчилдсөн байна.Тиймээс Засгийн газраас хуулийн хийдлийг арилгах зорилгоор дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, УИХ-д өргөн барьжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар байнгын хороо төлөвлөсөн байна. Харин хуралдааны явцад ХХААХҮ-ийн сайд болон Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нарын гишүүд ажлын хэсэг байгуулахгүйгээр, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх боломжтой гэсэн санал хэлж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв. Мөн хуралдааны төгсгөлд гишүүдийн зүгээс хүйтний улирал дөхөж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын явц,  “Атрын IV” аян өрнүүлэх, улсын мал тооллогод хөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулах, ургац хураалтын дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох санал гаргав. Байнгын хорооны даргын зүгээс гишүүдийн саналыг дэмжиж, дараагийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаа мэдэгдэв.

Холбоотой мэдээ