Тайваньд 700 орчим Монгол оюутан суралцдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-16 11:10:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тайванийн Минг Чуаний Их сургууль болон Монгол-Тайванийн Боловсролын төвийн Лю Гуанг Хуа хэлтсийн даргаар ахлуулсан баг энэ сарын 13-14-нд Улаанбаатар хотод болж буй  Олон улсын 25 дахь удаагийн Боловсролын үзэсгэлэн яармагт оролцов. Монгол-Тайванийн Боловсролын төвийн хэлтсийн дарга Лю Гуанг Хуа хэлэхдээ, “Энэ жил Тайваньд суралцах Монгол оюутны тоо эрс нэмэгдэж 700 орчим болсон. Түүнээс гадна Тайвань нь Монгол оюутны суралцдаг голлох улсын нэг болсонд баяртай байна. Тайвань, Монгол улс ардчилсан орнууд бөгөөд олон талт нийгмийн орчин бүхий аюулгүй байдал сайтай, их сургуулийн багшлах боловсон хүчин бэхэжсэн, үйлдвэрлэл сургалтын хосолмол хамтын ажиллагааг идэвхтэй  хэрэгжүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж, 1400 орчим хүрэх төлөвтэй байгаа нь Тайванийн сургалтын чанарт итгэж буйг харж болно” гэв.

Монгол-Тайванийн Боловсролын төв 2007 онд Тайванийн боловсролын яамнаас дээд боловсрол болон хятад хэлний боловсролыг гадаадад сурталчлах ажилд хамтран ажиллах зорилготой үүсгэн байгуулагдсан. Тус төв жил бүр Монгол, Тайванийн боловсролын үзэсгэлэнг зохион байгуулж үүнд тус улсын 10 гаруй сургууль оролцож, мэдээлэл өгч, элсэлт авдаг. Эдгээр сургууль бүтэн болон хагас тэтгэлэг олгохоос гадна хятад хэлний багш нарыг богино хугацаанд урьж ажилуулдаг. 

Холбоотой мэдээ