Ажил эрхэлж буй нийт иргэдийн 80 хувийг 1980-2000 оны залуус эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-15 18:52:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ЗГХЭГ, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн болон “HR club” хамтран “Шинэ үеийнхэн-Хөгжлийн хөтөч” сэдвийн хүрээнд Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Их, дээд сургууль төгсч хөдөлмөрийн зах зээлд шинэ давалгаа үүсгэж буй залуусыг оновчтой удирдах, туршлага, мэдлэгээ хуваалцаж, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлага, бодлогыг тодорхойлоход энэхүү чуулганы зорилго чиглэгдэж буй юм.

Чуулганы нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Уг чуулган Монгол хүний үнэ цэнийг улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд таниулах, байгууллагууд хүний нөөцийн менежментийн арга барил, шинэ санаа, туршлагаа хуваалцахад чухал нөлөөтэй юм. Бид аливаа арга хэмжээ, хурал, форумаас гарсан дэвшилтэт санал, санаачлагыг хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Энэ удаагийн чуулганы үеэр хүний нөөцийн мэргэжилтнүүдээс гарах тэргүүний туршлага, шинэлэг санаачлагуудыг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй” хэмээв.

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар нийт ажилтан, албан хаагчдын 80 хувийг шинэ үеийнхэн буюу 1980-2000 оны залуус эзэлж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүд энэ үеийн онцлог, хандлага, зан чанарыг судалж, тэдэнд тохирсон хүний нөөцийн бодлого, удирдах арга барилыг бий болгох шаардлагатай байгааг Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн хэллээ.

ЗГХЭГ-аас энэ сарын 21-нд Төрийн удирдах албан тушаалтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Харин энэ удаад хүний нөөцийн мэргэжилтнүүдийн чуулганыг зохион байгуулж байгаа нь төрөөс хүний хөгжлийг дэмжих, ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн бэлтгэл ажлыг хангахтай салшгүй холбоотой гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байв. Монгол Улсад хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж буй хүмүүсийн 5.6 хувь нь мэргэжлийн хүн байгаа бөгөөд үлдсэн 94.4 хувийг эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй иргэд бүрдүүлж байгаа аж. Цаашдаа аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн албандаа мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг мөн онцолж байлаа.

Холбоотой мэдээ