"Орос хэлний 7 хоног"-оор хэн сайн орчуулагч болохыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-15 15:44:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд”-ийн хүрээнд МУБИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Орос хэлний долоо хоног” өнөөдөр эхэллээ.

Тус долоо хоног энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулах гэж буй талаар МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ш.Цолмонгоос тодрууллаа.

Тэрбээр,“Орос хэлний долоо хоног” үйл ажиллагааг анх зохион байгуулахад зөвхөн Орос хэлний мэргэжлийн ангийн оюутнууд оролцдог байсан бол жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр өөр мэргэжлээр сурч буй оюутнууд ч идэвх, санаачилгатай оролцдог боллоо. Өнгөрсөн жилээс МУБИС төдийгүй ЕБС-ийн сурагчид ч сонирхож өргөнөөр оролцох болсон нь энэ үйл ажиллагааны ач холбогдол илүү өргөжиж байна. Энэ хүрээнд өнөөдөр оюутан сурагчдын дунд “Орос хэлнээс хэн сайн орчуулах вэ” орчуулгын уралдаан болно. Харин маргааш “Орос шүлгийг хэн уран яруу унших вэ” тэмцээн, энэ сарын 17-нд  “Орос орон, орос хэл” сэдэвт АХА тэмцээн, мөн энэ сарын 18-нд “Орос дуу хэн сайн дуулах вэ” уралдаан болно.

АХА тэмцээнд Орос орныг хэн илүү мэддэг, мэдэхийг хүсэж байгаа зэрэг танин мэдэхүйн ач холбогдолтой учраас залуус идэвхтэй оролцдог. Мөн “Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд ч оюутнуудын оролцоо их байдаг. Учир нь  хэл сурахын тулд тухайн хэлээр дууг нь сайн дуулж, үгийг нь сайн мэддэг байх нь чухал. МУБИС-д Гадаад хэлний сургууль гэж анх байгуулагдахад анхны захирлаар нь ажиллаж байсан доктор, профессор н.Гулиранзын нэрэмжит танхим манай сургуульд бий. Түүнчлэн тэрбээр Орос хэлний салбарыг хөгжүүлж, өндөр чадвартай, сайн багш бэлтгэхэд санаачилга гарган ажилладаг байсан. Тиймээс бид энэ хүний нэрийг зайлшгүй дурдаж, дурсан санаж явдаг. Энэ хүний төрсөн хүү нь ШУТИС-д багшилдаг Г.Дугарчулуун, тэдний гэр бүл тэмцээнийг санхүүжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Орос хэлийг одоогийн байдлаар улсын 652, хувийн 142 ЕБС-д заавал судлах хичээлээр 7,8,9 дүгээр ангид заадаг бол  ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид сурагчид орос хэлийг сонгон судлах боломжтой. Нэг үе орос хэлийг сонирхон судалдаг хүмүүсийн тоо буурч байсан бол одоо өсөх хандлагатай боллоо. 2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр нийт ЕБС-д 502 үндсэн орос хэлний багш ажиллаж байгаагаас 190 нь нийслэлд орос хэлний хичээл зааж байна" гэлээ.

Орос хэлээр дэлхийн 300 сая гаруй хүн  ярьдаг бөгөөд 160 сая гаруй хүний төрөлх хэл, 114 сая хүний хоёр дахь хэл нь болдог байна.

Холбоотой мэдээ