Нэхийгээр хийсэн улавчийг Хятад, Казахстанд экспортолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-15 15:00:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын "Музтау" компани хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортолж байна.


Тэрээр сардаа зургаан мянган ширхэг улавч үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдээ Улаанбаатар хотоос татдаг байна.


Энэ талаар компанийн үүсгэн байгуулагч Б.Аманкелдиээс тодруулахад: "Манай бүтээгдэхүүн бол монгол хонины арьсаар хийсэн, хүний биед сөрөг хор нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм. Чийг татдаг гутал хүний эрүүл мэнд болон хувийн ариун цэвэрт халгаатай байдаг. Тийм учраас бид ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлээд удаагүй байна. Одоогоор манай бүтээгдэхүүн Казахстан Улсын Астана, БНХАУ-ын Урумчи, Бууралтохой зэрэг хотуудад гэрээт борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна. Мөн гурван хүн тогтмол ажлын байраар хангагдаж байгаа" гэлээ.  


"Музтау" компани нь одоогоор жижиг үйлдвэрийн цехтэй болсон бөгөөд үүсгэн байгуулагч залуучуудын хувийн хөрөнгөөр босгожээ. Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаагаа компанийн эзэд хэлж байна. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ