Түлээ, түлшний үнэд судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-15 18:27:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нүүрсний үнийн өсөлт, жижиглэн худалдааны сав баглаа боодол нь багассан зэрэг асуудлаар иргэдээс ирсэн санал гомдлын дагуу аймгийн ШӨХТГ-ын байцаагч нар авто хэрэгслийн тэвшний даац, савлагаанд хяналт хийлээ. Ажлын хэсгийнхэн Төв захын гадна худалдаалагдаж буй түлшний худалдаачдын үйл ажиллагаанд хяналт хийсэн юм.

Төв захын гадна түлш худалдаалдаг 50 орчим иргэн байдаг байна. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд түлшний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан портер нүүрс 140-150 мянган төгрөгийн ханштай байна. Портер машины тэвшийн хэмжээ 1000 кг буюу нэг тонн гэж заасан байдаг ч нүүрсний худалдаачид тэвштэй тэнцүүлсэн түлшээ 1.5 тонн нүүрс гэж худалдаалдаг аж. Тэд Дөвөнтийн нэг тонн нүүрсийг газар дээрээс нь 27 мянган төгрөгөөр худалдан авч, нэг удаадаа гурваас дээш тонныг тээвэрлэдэг бөгөөд аймагт ирж, тухайн нүүрсийг шигшиж авахад тал хувь нь л худалдан борлуулахаар хэмжээний байдаг тухай ярьж байна. 

Түлшний жижиглэн худалдааны хувьд жижиг шуудай нүүрс 2000 төгрөг, жижиг шуудай мод 2000 төгрөг, том шуудай мод нь 5000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жил 1500 төгрөгөөр худалдаалагдаж байсан шуудай нүүрс энэ жил 2000 болтлоо өссөн хэрнээ шуудай нь илүү жижгэрч, 35х20 см харьцаатай болсон байна. Нэг шуудай нүүрсийг жигнэж үзэхэд 7.8 кг байв.

Түлшний жижиглэн худалдаачид нүүрсээ портероор бөөндөж авч, савлаж худалдаалдаг байна. Нэг портер нүүрс ойролцоогоор 100 гаруй шуудай болдог бол шуудайгаа 100-150 төгрөгийн хооронд бас худалдаж авдаг гэлээ.

ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Д.Уранчимэг, "Бид түлээ нүүрсний худалдаа эрхэлдэг иргэдээ мууг үзэж муухайгаар харах гэсэндээ биш бодит байдалтай газар дээр нь ирж танилцан зохист байдал нь хэр түвшинд байгааг судалж, цаашдаа хэрхвэл зохилтойг аймгийн удирдлагуудад танилцуулна. Портер болон бусад тээврийн хэрэгслээр түлээ нүүрс худалдан борлуулдаг иргэдийн түлш, тээврийн зардал, ачилт, шигшилт, худалдан борлуулалтыг тодорхойлж түүнийгээ зах зээлийн ханш, нөхцөл байдалтай харьцуулна. Үнэхээр үнэ хөөрөгдсөн үү, бодит нөхцөл нь ямар байгааг тодорхойлъё. Хэрэв үнэ өртөгөө дураараа хөөрөгдсөн бол үнийн зохицуулалт, хязгаарлалт хийх арга хэмжээ авч болно" гэв. Мөн жижиглэнгийн худалдаачдын хэрэглэж буй шуудайны талаар судалгаа хийж, хаанаас хэрхэн нийлүүлдэг болохыг тогтоож, томсгуулах эсхүл үнийг бууруулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж ярилаа.

Тус ажлын хэсгийнхэн ойрын хугацаанд судалгаа, тандалтаа дуусгаж аймгийн Засаг даргад танилцуулан, зохих арга хэмжээг авч ажиллах аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ