Ирэх сард “Буянт-Ухаа” спортын ордонд Шилдэг 20 бөх халз барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-15 11:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн "Жудаг" группийн админ нарын санаачилгаар ирэх сарын эхний долоо хоногт нэгэн сонирхолтой барилдаан “Буянт ухаа” спортын ордонд болно. 

Нэг өдөр болох уг барилдааны үдээс өмнө нь жүжигчид, дуучид болон “Жудаг” группийн гишүүд оролцож “Нийтийн монгол 64 бөх”-ийн барилдаан болно. Харин үдээс хойш өнөө цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин оролцсон шилдэг 20 бөхийн халз барилдаан болох юм. 

Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Л.Лхаа-Очир, Ч.Хөхчирэнгэр, Э.Ванданцэрэн, Б.Серик нарын улсын цолтнууд хүч үзэхээ мэдэгджээ.

“Нийтийн монгол 64 бөх”-ийн барилдаанд Оддын бэсрэг наадмын дархан аварга, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, даян аварга, дуучин Д.Намсрайноров, аварга Б.Болдбаатар, Т.Ганбүргэд, арслан дуучин Я.Гэрэлчулуун, харцага дуучин Б.Эрдэнэхүү нар барилдахаар нэрсээ өгөөд байгаа аж. Бөхийн барилдааны даваа болгоны дундуур урлаг, соёлын арга хэмжээтэй бөгөөд 5 азтай үзэгчид хурдан удмын даага бэлэглэнэ. Мөн үзэгчдийн дунд тэмцээнтэй бөгөөд шагналын бай өндөр гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Холбоотой мэдээ