Португалд хар салхи дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-15 10:48:09

ЛИССАБОН. /BBC/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Португалын төвийн болон хойд нутгуудад “Лесли” хар салхи дэгдсэний улмаас 300 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан байна.


Тус улсын Иргэний хамгаалалтын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, үерийн гамшиг үүсч, модод унасны улмаас 27 хүн хөнгөн бэртсэн бөгөөд олон нислэг цуцлагдсан аж. Португалд дэгдсэн хамгийн хүчтэй шуургуудын нэгд тооцогдож байгаа уг хар салхи нь цааш урагшилж, Испанийн хойд хэсгийг дайран өнгөрч байгаа юм.


Нийслэл Лиссабон хотын ойролцоох Коимбра болон Лейрия, хойд нутгийн Авейро, Визеу болон Порту дүүргүүд уг гамшигт хамгийн их их нэрвэгдсэн бүс нутгуудад тооцогдож байна.


Хүчтэй салхины улмаас 1000 гаруй мод үндсээрээ булгаран унасан бөгөөд Фигейра-да-Фос хотод олон зуун хүн тоглолт үзсэний дараа гэртээ харьж чадалгүй тухайн газартаа боогдсон аж.


Тус хотын нэгэн оршин суугч “SIC” телевизэд ярилцлага өгөхдөө, “Би өмнө нь ийм аймшигтай үзэгдэл харж байгаагүй. Модод унаж, автомашинуудыг эвдэлж сүйтгэснийг харахад хот маань дайны хөлд нэрвэгдсэн юм шиг л санагдсан. Хүмүүсийн сэтгэл маш их түгшиж байсан” гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ