Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс болж цэрэгт тэнцэхгүй тохиолдол их байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-15 12:29:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд 2018 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага энэ сарын 12-14-ний өдрийг дуустал гурван өдрийн турш үргэлжиллээ.

Цэрэг татлагын өдрүүдэд цэргийн насны залуучуудын хамрагдалт харьцангуй сайн байсан талаар аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Энхтөр хэлэв. Хэдийгээр хамрагдалт сайн ч эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцэхгүй хасагдаж байгаа залуус их байгааг онцолсон юм. Ихэвчлэн мэс заслын өвчин үүн дотор шамбарам, хараа муудах, даралт ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл зонхилж байгааг эмч нар хэлж байна. Түүнчлэн бэлгийн замын өвчлөл ч цөөнгүй байсан аж.

Цэргийн насны залуучууд урьдчилан сэргийлж, эмчлүүлж болох өвчнүүдийг өөрсдийн хариуцлагагүйгээс эмчлүүлэхгүй орхих нь элбэг байдаг нь жил жилийн 1,2-р ээлжийн цэрэг татлагын үеэр ажиглагддаг байна.

Иймд дараагийн цэрэг татлага хүртэл залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, тэднийг эрүүлжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг харьяа сум, багийн эрүүл мэндийн болон төр захиргааны байгууллагуудад цэргийн байгууллагаас үүрэг болгожээ.

Мөн цэрэг татлагын үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2017-2018 оны оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, батлан хамгаалах үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд бэлтгэл ахмад, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуунд бэлтгэл ахлах дэслэгч, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаад бэлтгэл дэслэгч цол тус тус олгожээ.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ