43 багийн Засаг даргыг унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-15 11:33:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан төрийн үйлчилгээг багийн төвөөс үзүүлэх  чадварыг дээшлүүлэх бодлогын хүрээнд тус аймгийн орон нутгийн сангийн хөрөнгөөр 43 багийн Засаг даргыг унаажуулахаар тэдэнд мотоцикль гардууллаа.

Батламж гардуулах арга хэмжээ аравдугаар сарын 13-ны өдөр М.Жанчив баатрын талбайд болсон бөгөөд үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дарга М.Мянганбуу нарын албаны бусад хүмүүс оролцсон юм. “Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахад унаа чухал юм” хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ үеэр хэлсэн үгэндээ онцолж байлаа.


Мөн үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тус аймгийн Есөнбулаг сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, орон гэргүй 10 өрхөд эсгий давхаргатай, шалтай, цоохор гэр олгов.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ