Хадлангаа аваагүй малчдад тусламж, дэмжлэг түрүүлж хүртээхгүй гэнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-10-15 11:06:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага мэдээлэхдээ энэ жил хур бороо элбэг зуншлага сайхан байж, газрын гарц сайн байсан нөхцөлд өөрсдийн боломжийг дайчлан өвс тэжээлээ базааж аваагүй малчдад өвөлжилт, хаваржилт тавгүйтсэн нөхцөлд аливаа нэгэн дэмжлэгийг түрүүлж хүртээхгүй чиглэл баримтална гэлээ.

Хадлан өвсөө хадаад авах боломжтой зарим нутгийн малчид налайж суусаар тэвэр өвс авалгүй тэсгим хүйтэнтэй золгож, “төрийн хамгаалалтад” байгаа мал хорогдлоо гэж гомдоллон тусламж, дэмжлэгийн үнэгүй өвс тэжээл аваад сурчихсан гэж сумын мал аж ахуй хариуцсан мэргэжилтнүүд тайлбарладаг.

            Аймгийн хэмжээгээр малчдын түвшинд бэлтгэх тэжээлийнхээ 84,0 хувийг базаажээ. Харин Гурванбулаг, Сайхан, Дашинчилэн суманд дөнгөж 24,0-43,8 хувийг бэлтгэсэн мэдээ байна. Сайхан сумын малчид 4000 тонн өвс бэлтгэхээс дөнгөж 960 тонныг авсан аж.

М.Батжаргал

Холбоотой мэдээ