Сэлэнгэ аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-15 20:28:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XI хуралдаанд “Сэлэнгэ аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа танилцуулан мэдээлэл өгсөн юм.

Тэрээр танилцуулахдаа:Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 337 дугаар тогтоолын дагуу улсын төсөвт тодотгол хийлгүй, төсвийн сахилга батыг сайжруулах ажлыг зохион байгуулж байгаа. Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу 2017 оны төсвийн шилжих үлдэгдлийг 2018 оны төсөвт нэмж, төсвийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэв.

Аймгийн ИТХ-ын 38 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний нийт 38 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байсныг таван ажил арга хэмжээний гэрээний дүнгийн хэмнэлт нийт 82.5 сая төгрөгөөр бууруулж, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, хог хаягдлын талбайн хэмжээг багасгах зорилготойгоор есөн ажил арга хэмжээг шинээр нэмж нийт дүнг 815.6 сая төгрөгөөр өөрчлөв.

Мөн тендэрийн үйл ажиллагаатай холбоотой Баянгол сумын төвд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.6 км бетонон хучилттай зам тавих ажил удаашралтай явагдаж хүйтний улиралд бетон цутгах боломжгүй болж байгаатай холбоотойгоор тус ажлын 2018 онд санхүүжих дүн 150.0 сая төгрөгийг дараа жилд шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Биеийн тамир спортын газарт автобус худалдан авах 28.0 сая төгрөгийн төсөвтэй ажлыг байгууллагын хүсэлтийн дагуу ирэх оны төсөвт шилжүүлэхээр төлөвлөж, тус дүнгээр Сүхбаатар сумын дотор зам засварын ажлыг хийхээр төсөвт өөрчлөлт оруулжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ