Залуу эрдэмтдийн “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-12 11:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу эрдэмтдийн холбоо /МЗЭХ/, БСШУСЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран жил бүр зохион байгуулдаг  “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэлж байна.


Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.

Мөн  шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэн, багш судлаач, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа- инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад энэ хурлын зорилго  оршдог юм.

Тус  хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналыг хүртдэг уламжлалтай.

Энэ жил тус хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага, хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэл болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар, ХАА-Биотехнологийн салбар, Эдийн засаг-менежмент гэсэн 6 салбараар хуралдаж байгаа юм.

Холбоотой мэдээ