Эрүүл аюулгүй хүнсний чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-17 20:57:25

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улиастай сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн  хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт хийж, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх сургалт, сурталчилгааны ажлыг өнгөрсөн сард хийжээ.

Энэ үеэр сургууль цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалтыг хийсэн байна. Мөн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, эмч, дотоод хяналтын ажилтан нярав, тогооч нарт зориулсан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, дотоод хяналт, аюулгүй хүнс-эрүүл үдийн цай-эрүүл хүүхэд гэсэн сэдвүүдээр цахим болон, танхимын сургалтыг зохион байгуулжээ. Түүнчлэн нярав, тогооч нарт хүнсний аюулгүй байдлыг хангуулахад ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх, түүний ач холбогдол, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал  сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгуулсан байна. Харин сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийн хэрхэн унших, хэрэглэгчийн хяналтын хуудасыг хэрхэн ашиглэх зэрэг хүнсний аюулгүй байдлын боловсролд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сурталчилгааны зурагт хуудас, гарын авлага, зөвлөмж тараасан байна. Эдгээр үйл ажиллагаануудад давхардсан тоогоор 200 гаруй сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүд, 120 гаруй эцэг эхчүүд, 100 орчим сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд оролцсон тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн  

Холбоотой мэдээ