Ж. Оюунбилэг: Халдварт бус өвчнийг бууруулахад Монгол Улс гол анхаарлаа хандуулах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-11 18:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд бол зөвхөн эмч, эмнэлгийн үүрэг биш. Харин нийт нийгмийн хөгжилтэй холбоотой учир хүн бүр өөртөө анхаарал тавих хэрэгтэй хэмээн Биологийн шинжлэх ухааны доктор Ж. Оюунбилэг  "Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.


Хурлын үеэр түүнээс нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг тодруулахад, “1990 оноос хойш хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдсөнтэй холбоотой халдварын бус өвчин манай улсад зонхилж байна. Халдварын бус өвчинд зүрх судас, хорт хавдар, осол гэмтэл эндэгдэл ордог. Монгол Улс хоёр төрлийн халдварт өвчин болох цагаан цэцэг өвчнийг дэлхийд устгахаас 40 жилийн өмнө, халдварт сааг 20 гаруй жилийн өмнө бүр мөсөн устгасан. Халдварт өвчний дархлаажуулалтад олсон амжилт шигээ халдварт бус өвчнийг анхааралдаа авч, тархалтыг зогсоох ёстой. Гэхдээ халдварт өвчний хувьд үүсгэгчид нь хэлбэрээ өөрчлөн аюул занал хийж байгааг мартаж болохгүй" хэмээв.

 Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, “Нийгмийн эрүүл мэнд бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал байдаг. Өвчний эх үүсвэр нь халдварт бус өвчин. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хоёр хувааж 2010 онд хуульчилсан. Нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн асуудал, нөгөөх тусламж үйлчилгээ юм. Асуудлын тэргүүн зэрэгт нийгмийн эрүүл мэндэд нийт иргэдийг сургаж, зөв дадал эзэмшүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг тавьсан” гэлээ.


Холбоотой мэдээ