Африкийн хамгийн залуу тэрбумтанг хулгайлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-11 18:11:41

ДОДОМА. /BBC/. Африкийн хамгийн залуу тэрбумтан гэгддэг Мохаммед Девжиг Танзанийн Дарь-эс-Салам хотоос баг зүүсэн зэвсэгт этгээдүүдэд хулгайлсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлэв.


43 настай Мохаммед Девжиг өглөөний дасгалаа хийж байх үед нь хулгайлсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчлаад байгаа ажээ. Уг хэргийн ард хэн байгааг одоогийн байдлаар тогтоож чадаагүй байна гэж цагдаагийн албаны төлөөлөгч мэдээлжээ.


Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, гэмт этгээдүүд тэрбумтныг хулгайлан зугтах үедээ агаарт хэд хэдэн удаа хий буудсан аж.


“М.Девжи нь фитнессээр идэвхтэй хичээллэгч бөгөөд дасгал хийхээр явахдаа хамгаалагчгүй явдаг байсан байна. Гэмт этгээдүүдийн хоёр нь цагаан арьстан байсан” гэж Танзанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. 


Мохаммед Девжи гэж хэн бэ?

2017 онд “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр, Мохаммед Девжигийн хөрөнгийг 1.5 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн бөгөөд тэрбээр Танзани улсын цор ганц тэрбумтан аж. Мөн Африк тивийн хамгийн залуу тэрбумтан хэмээн тооцогддог юм.

Холбоотой мэдээ